АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээр халдварласнаа мэдэгдсэний зэрэгцээ тус улсын хууль тогтоогчид эдийн засгийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа энэ үед нефтийн үнэ гурав гаруй хувиар уналаа.
“Brent” маркийн нэг торх нефтийн үнэ өнөөдөр 1.47 ам.доллар буюу 3.6 хувиар буурч, 39.4 ам.долларт хүрчээ. Д.Трамп өөрийн болон гэргий Меланьягийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан талаар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өмнө нь тэрбээр зөвлөх Хоуп Хиксээс халдвар илэрсэн тул тусгаарлагдахаар болсон тухайгаа мэдэгдээд байсан юм.
АНУ-ын хууль тогтоогчид эдийн засгийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаатай холбоотойгоор нефтийн эрэлт улам багасаж, үнэ нь дахин буурах хандлагатай байсан үед дээрх мэдээ гарчээ. Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 34 сая гаруй хүн халдвар авч, нэг сая гаруй хүн нас барсан байна.
Э.Хулан : МОНЦАМЭ