Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.02) нэгдсэн хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.
Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтад заасан нийт 38 хууль тогтоомжийн төслөөс нэг хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг хасаж, бусад хууль тогтоомжийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар, Б.Баттөмөр, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан тогтоолын төслийн хавсралтад дурдагдсан төслүүдээс зарим хууль тогтоомжийн төслийг хасах саналтайгаа хэлсэн юм.
Иймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдийн саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэн тул төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхүүлэхээр тогтов.