Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлсэн байна. Нийт өвчлөгчдийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байгаа аж. Үүний 70 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 5.5 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцоллоо. Вирус судлалын лабораторид хийгдсэн шинжилгээнүүдээс харахад голчлон ренновирус илэрч байгаа аж.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, дотоод орчинд агаарын сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн бол ажил, хичээлдээ явахгүй байхыг зөвлөж байна.