Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Улсын ахлах байцаагч н.Хонгор шалгалтын талаар “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК болон НОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажиллалаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 1221 ресторан, 945 баар, 225 кафе, нийтдээ 2190 байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Хяналт, шалгалтын явцад үйлчилгээний стандарт, шаардлага хангаагүй зургаан баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
Кафед үйл ажиллагаагаа явуулж байсан караокены газрыг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Соёл урлагийн газарт хүргүүлсэн. Цаг хэтрүүлж ажилласан 12 зөрчил илэрлээ. Стандартын шаардлага хангаагүй 10 зөрчлийг мөн илрүүлсэн. Улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй хоёр зөрчил дээр арга хэмжээ авч ажилласан” гэлээ.
ДИСКО БОЛОН БҮЖГИЙН 66 БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫН “COVID-19″ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХАД 112 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Шалгалтад хамрагдсан 66 аж ахуйн нэгжийн баарны 17 нь стриптиз баар, 49 нь диско баар бөгөөд бүгд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө 64 баар нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай акттай, 58 нь короновируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний зааланд байршуулсан, 58 нь ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвшсэн, 48 нь ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийн, амны хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлж хэвшжээ.
Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/145 дугаартай “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу 60 байгууллага ажилчдыг үзлэг, шинжилгээнд хамруулж, магадлагаа гаргуулсан, 58 нь амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, халад, хормогч, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисны нөөцийг бүрдүүлсэн байна.
Шалгалтаар давхардсан тоогоор 112 дутагдал илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн “Эс пи сервис” ХХК-ийн “Банана”, “S-13”, Ундарга ХХК-ийн “Венус, “Лха чөдөр” ХХК-ийн “Лха”, “Бөртэ гүнж” ХХК-ийн “Казино баар”, “Тэнгэрлэг интернэшнл” ХХК “Вэст” диско баар, “Баясах оюу” ХХК “Рич” диско баар, “Гэрэлт од халиун” ХХК “888”, “Ингэнэ хөөвөр” ХХК “Орбит “диско баарууд мэргэжлийн байгууллагаас хүргэсэн короновируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх талаархи зөвлөмж, шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрүүл ахуйн зохистой дадлын мөрдөлт хангалтгүй байна.
Тухайлбал, өдөр бүр ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийсэн бүртгэлгүй, ажилчдаас халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон тусгаарлалтаас гарсан хүн гэр бүлд хамт байгаа талаар асуумж авч бүртгээгүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллалагаар ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгээгүй, үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа аяга, таваг, үйлчилгээний хоолны хэрэгслийг зааврын дагуу угааж, ариутгадаггүй, өдөр тутмын цэвэрлэгээнд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй халдваргүйжүүлэх бодис хэрэглээгүй, нөөц бүрдүүлээгүй байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд дараах асуудалд анхаарна уу!
“Covid-19” шинэ төрлийн короновируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас хүргэж буй зөвлөмж, шаардлагыг чанд дагаж мөрдөж, дотоодын хяналтыг сайжруулах.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн олон төрөл бодис нянг устгах нөлөө нь өөр өөр байдаг тул хлор агуулсан ариутгагч бодис, устөрөгчийн хэт исэл, 75%-ийн спирт гэх мэт бодисуудыг вирус устгах, идэвхгүйжүүлэхэд илүү ашиглах.
Ажилчдын эрүүл мэндийн байдалд тавих хяналтыг бүртгэлжүүлэх.
Үйлчлүүлэгчдийн нягтралыг багасгах, амны хаалт зүүлгэх, согтуу хүнд үйлчлэхгүй байх.
Үйлчилгээндээ эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.