НҮБ-ын Хүн амын сангаас Ковид-19-ийн Монгол Улс дахь оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр төсөл хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Үүнд:
Монгол Улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг аймгууд болох Дорноговь, Өмнөговь, мөн Улаанбаатар хотод нийт 4 PCR буюу Полимеразийн гинжин урвалын лабораториудыг байгуулах
Тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Эдгээр төслийн санхүүжилтийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын КОВИД-19-д урьдчилан бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” компаниас 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжаар шийдвэрлэж байгааг НҮБ-ын Хүн амын сангаас мэдээллээ.
PCR лабораториудыг
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
-Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг
-Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд байгуулна.
Эдгээр эмнэлэг нь PCR лабораторитой болсноор аймаг, сумын түвшинд, мөн Улаанбаатар хотод КОВИД-19 төдийгүй томуу, томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүд, мөн цоо шинэ болон дахин идэвхжиж буй халдварт өвчнүүдийг түргэн шуурхай оношлох хүчин чадал нэмэгдэх юм.
“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажилладаг” гэлээ.
“Бүх цаг үед, нэн ялангуяа яг одоо дэлхий дахинаа нүүр тулаад буй цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь нэн чухал юм” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нээлтийн үеэр хэлээд “Төслийн хүрээнд нэвтрүүлэх телемедицин үйлчилгээний ачаар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэд хол зам туулахын оронд гэрээсээ, аль эсвэл анхан шатны эрүүл мэндийн төв дээрээсээ өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг авах боломж нээгдэнэ.
Ингэснээр иргэдийн дунд КОВИД-19-ийн халдвар гарсан тохиолдолд иргэд эмнэлэг орж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ ямар ч үед тасалдахгүй байх боломж бүрдэж байна” гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд сум, баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нарыг зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, хэрэгслүүд, программ хангамжаар хангана. Мөн анхан шатны эмч нарыг мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зааварчилгаа, чиглэл авахад шаардлагатай чадваруудыг олгох сургалтад хамруулах юм байна.
Энэхүү төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх нь.
Цар тахал гарсан цагаас хойш Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь Монголын ард иргэдийг цар тахалтай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэхээр хөрөнгө босгох ажлуудыг амжилттай хийж, цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээг тасалдуулахгүй байх, хүнд цаг үеийг даван туулах эрүүл арга замуудыг сурталчлах зэрэг ажлуудыг хийж байна.
Мөн тусгаарлалтад байгаа охид эмэгтэйчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэн шаардлагатай ариун цэвэр, эрүүл ахуйн багцаар, эх хүүхдийн эмнэлгүүдийг шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслүүд ба амьсгалын аппаратуудаар хангаж байна.
НҮБ-ын Хүн амын сан