Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаан 14 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ, ковид-19 цар тахал олон улсад хурдтай дэлгэрснээр дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, гадаад болон дотоод эдийн засгийн орчны байдал, цаашдын төлөвийг эрс өөрчилсний зэрэгцээ буцаж сэргэх хугацаа тодорхойгүй байна.
Хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаар хэрэгжүүлсэн гадаад болон дотоод карантин, хөл хорионы арга хэмжээ нь бизнесийн үйл ажиллагааг хумьж, зах зээл дээр савлагаа үүсгэн эдийн засагт хүчтэй агшилт, уналтыг бий болгоод байгааг дурдав.
Коронавирусын цар тахал хүмүүсийн хөдөлмөрлөх, хэрэглэх, хадгалах зан, төлөв болоод хөрөнгө оруулалтын шийдвэр, бизнесийн арга барил, нийлүүлэлтийн сүлжээнд олон өөрчлөлтийг түр зуур, зарим тохиолдолд бүрмөсөн бий болгосноор эдийн засагт бүтцийн шинжтэй шилжилтийг бий болгож байгаа гэлээ.
Дотоодын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж, тогтворжсон хэдий ч цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөө уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээ болон боловсруулах салбарт бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, өрхийн ажил эрхлэлт, цалин орлогод сөрөг үр дагавар үүссэн болохыг танилцуулгад дурдав. Экспортын орлого хумигдаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учруулсан бол татварын орлого хумигдаж, төсвийн зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал тэлсэн.
Экспортын орлогын бууралт, ГШХО-ын бууралт, гадаад өрийн эргэн төлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой төлбөрийн тэнцлийн алдагдал 600 орчим сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдалд дарамт учруулж байгааг төслийн танилцуулгад дурдлаа.
Төсвийн орлогын тасалдал, зарлагын өсөлт нь төсвийн алдагдлыг ДНБ-ий 12.5 орчим хувиар нэмэгдүүлж, дотоод, гадаад зээлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл санхүүжүүлэх шаардлагыг бий болгожээ.
Түүнчлэн, зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа аж. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч макро орчны эрсдэл, банкуудын эрсдэл даах чадвар хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалаад зээлийн нийлүүлэлт саарах хандлага бий болсныг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулгадаа дурдсан.
Төв банкны инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээ үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой хадгалагдав.
2006-2016 онд жилийн дунджаар 10 хувь буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар Төв банк инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдсэн байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ Монголбанк ирээдүйд чиглэсэн, зах зээлийн зарчимд суурилсан, эрэлтийн гаралтай инфляцыг зохистой түвшинд хадгалах стратегийг баримтлах аж.
Харин цаг агаарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад болон дотоод тээвэр, ложистик зэргээс шалтгаалсан 1 удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтай, ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт тул түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй гэлээ.
Макро зохистой бодлогыг Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна.
Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлжээ. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэхдээ мөнгөний бодлоготой оновчтой хослуулах, бодлогын шинжилгээний арга зүйг хөгжүүлэхэд олон улсын сайн туршлагаас Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд нийцүүлэн нэвтрүүлэх зорилтыг мөн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Монголбанк олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэн Төв банкны ил тод байдал, хариуцлагатай байдлыг хангах, зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж ажиллана гэлээ.
Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлуудыг төлөвлөжээ.
Цар тахал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус байгаа хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлогo хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх, түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх болно хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан.
Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх аж.
Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх зорилтыг төсөлд тусгасан байна.
Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих, Төв банкны бүртгэлийн болон дотоод удирдлагын системд мэдээллийн технологийн шилдэг туршлагыг нэвтрүүлэн шинэ түвшинд хүргэх, иргэд болон ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн суурь мэдлэгийг олгох чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд: Нэгдүгээрт: Зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, санхүүгийн байгууллагын үр ашиг, шуурхай цахим шилжилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэрэг олон зорилт, арга хэмжээ нэгэн зэрэг хамтдаа хэрэгжих шаардлагатай юм байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцогч бүх талын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо нь нэн чухал үүрэгтэй гэв.
Хоёрдугаарт: Санхүүгийн харилцагчийг зайнаас таньж мэдэх тухай эрх зүйн орчинг тодорхой болгохгүйгээр технологид суурилсан санхүүгийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар хүргэх боломж ихээхэн хязгаарлагдмал учраас харилцагч санхүүгийн байгууллагад заавал биеэр очиж, бүртгүүлж, гэрээ байгуулахыг шаардаж буй одоогийн эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх болон харилцан мэдээлэл солилцох дэд бүтцийг хөгжүүлэхэд төрийн холбогдох байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа нэн чухал гэж тооцжээ.
Гуравдугаарт: Чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэх явц удаан хугацаанд үргэлжилдгээс барьцаа хөрөнгийн үнэ цэнэ алдагдахын зэрэгцээ түүнтэй холбоотой гарч буй зардал банкны зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлдэг тул зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд чанаргүй зээлийг шийдвэрлэх процессийг хурдасгахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нягт хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэсэн.
Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд ковид-19 цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр экспорт, хөрөнгө оруулалт саарч, эдийн засаг агших, инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. Харин сэргэх хугацааны хувьд олон улсад тодорхойгүй байгаа тул түүнээс улбаалан дотоод эдийн засгийн сэргэлтэд гадаад орчноос үзүүлэх дэмжлэг тодорхойгүй байгаа юм байна.
Гэсэн хэдий ч төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн алдагдал нэгэн зэрэг нэмэгдэн эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, ирэх онуудад томоохон гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж буй нь эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулгадаа дурсдан.
Цаашид ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт гарч буй сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай гэв. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, С.Чинзориг, Х.Булгантуяа нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга тайлбар, мэдээлэл авлаа.
Улсын Их Хурлын гишүүний ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаарх асуултад Монголбанк, Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтраад 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, 6 хувь болгох судалгаа хийсэн хэмээн хариулт өгсөн. Судалгааны үр дүнд ипотекийн зээлийн хүүг дээрх хэмжээнд бууруулах боломжтой хэмээн дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар 5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 89.000 зээлдэгчид олгосон байдаг, хүү буурсан тохиолдолд шинээр энэ төрлийн зээл авах хүмүүс л хамрагдана гэлээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкийг төсвийн шинжтэй үйл ажиллагаа буюу ипотекийн зээл олгох үйл явцад оролцохгүй байхаар зохицуулалтыг хөндөж байсан ч Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд энэ оныг дуустал үргэлжлүүлэн оролцох болсон байна. Энэ хугацааг сунгах тохиолдолд Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргах шаардлагатай гэв.
Монголбанк нийт ипотекийн зээлийн санхүүжилтийн хагас буюу 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Үүний эргэн төлөлтөөр жилд 300 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хуримтлагддагийг нь буцаан санхүүжилт болгож гаргадаг учраас санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой нөхцөл өөрчлөгдөхгүй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, инфляцыг +/-2 нэгж хувийн интервалд 4-5 хувийн орчимд тогтворжуулахаар нөөцөө дайчилсан зорилт дэвшүүлэх боломж бий эсэхийг тодруулж, хариулт авсан.
Дэлхийн банк манай эдийн засгийн өсөлтийг ирэх онд 5 хувь байна хэмээн тооцсон бол Монголбанкны төсөөлөл 6-8 орчим хувь, харин Сангийн яам 7 хувь гэж тооцсон байна. Эдийн засаг огцом сэргэх тул инфляц өсөх магадлалтай хэмээн тооцож, дээрх түвшинд тогтворжуулах төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тайлбарлав.
“Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн Төв банкны тухай хуулийн заалтын хэрэгжилттэй холбоотой тодруулгыг О.Цогтгэрэл гишүүн хийж, хариулт авсан юм. Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа буюу ипотекийн зээлийг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас гарч зохих , хараат бусаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх шаардлагын талаар Т.Доржханд гишүүн хэлж, холбогдох тодруулгыг хийсэн юм.
Түүнчлэн валютын интервенц, үр дүнгийн талаар асуулт асуув. Оны эхнээс хойш төгрөгийн ханш 4.4 хувиар суларсан, Монголбанк долоо хоног бүр хоёр удаа интервенц хийсэн байна. Энэ хугацаанд нийт 2.3 тэрбум ам.долларыг зарж, 1.6 тэрбум ам.долларыг худалдан авсан бөгөөд зөрүү 700 сая ам.долларын интервенц хийсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр иргэдийн төгрөгт итгэх итгэл суларч, долларжилт үүсээд байгаа талаар хэлж, асуулт асуув. Банкуудын санхүүгийн тэнцлийн пассив талын долларжилт 33 хувь, актив талынх нь долларжилт 11 хувь байгааг Монголбанк танилцууллаа.
Иргэд, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийн 33 хувь нь ам.доллар байгаа бол иргэн, аж ахуйн нэгжийн авч буй зээлийн 11 хувь нь л ам.доллар байгаа юм. Энэ оны 8 дугаар сарын мэдээгээр пассив талын долларжилт 32 хувь болж буурч байгаа, Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлээр тодорхой бодлогын шийдлүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэлээ.
Тухайлбал, ам.долларын харилцах, хадгаламжийг хадгаламжийн даатгалд хамруулахгүй, хүү олгохгүй, гадаад худалдаа эрхэлдэггүй хувь иргэн ам.долларын данстай байхыг зөвшөөрөхгүй байхаар, түүнчлэн банкуудын заавал байлгах ам.долларын нөөцийг 15 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан байгаа гэв.
Улсын Их Хурлын тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс