Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ халдварлаад эдгэрсэн түүхэн дэх анхны хүн Тимоти Рэй Браун хорт хавдрын улмаас нас баржээ.
“Берлиний өвчтөн” гэгддэг байсан Т.Браун 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд түүний донор нь ХДХВ-ний эсрэг байгалийн ховор эсэргүүцэлтэй нэгэн байсан ажээ. Ингэснээр Т.Браун дархлалын олдмол хомсдолыг /ДОХ/ үүсгэдэг ХДХВ-ийг ялан дийлж, вирусний эсрэг эмүүдийг дахин уух шаардлагагүй болж байжээ.
“Т.Браун ХДХВ-ийг эмчлэх боломжтой хэмээх итгэл найдварыг дэлхий дахинд өглөө” гэж ДОХ-той тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байсан юм.
Америкт төрсөн, 54 настай Т.Браун 1995 онд Берлинд амьдарч байхдаа ХДХВ-тэй хэмээн оношлогдож байсан бөгөөд хожим нь 2007 онд түүний биед цусны хорт хавдар үүссэнийг тогтоож байжээ.
Э.Хулан : МОНЦАМЭ