Манай улсад Шилэн дансны хууль батлагдан төрийн байгууллагууд шилэн дансны нэгдсэн системтэй болсон нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болох гол эх үүсвэр болсон. Гэвч хуулийн хэрэгжилт, шилэн дансны системийн үйлчлэл хүртээмжгүй байгааг сэтгүүлчид өчигдөр (2020.09.30) болсон “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхзүйн орчин ба хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлгээр хөндлөө.
Тодруулбал, байгууллагуудын шилэн дансны мэдээлэл бүрэн бус, дутуу орхигдсон, төсвийн зарцуулалттай холбоотой, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг алгасан, оруулаагүй байдаг. Тиймээс эндээс хэвлэл мэдээллийнхэнд багахан мэдээлэл олддог хэмээн сэтгүүлчид шүүмжлэлттэй хандаж байв.
Хэлэлцүүлэгт оролцсон “Ил тод сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав шилэн дансны мэдээллийг задалж хэлэхдээ, “Орон нутгийг хөгжүүлэх сангийн мэдээлэл ихэвчлэн байдаг боловч энэ нь төсвийн 10 хүрэхгүй хувийн мэдээлэл юм. Гэтэл улсын төсвийн 30-40 хувийг эзэлдэг Байгаль орчны уур амьсгалын сан, Эрсдлийн сан, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл ил тод бус байна. Энэ нь төсвийн хөрөнгийн зарцуулалт хяналтгүй байна гэсэн үг” гэдгийг онцолж байв.
Тэрээр, сэтгүүлчид шилэн дансны мэдээллийг авахдаа асуудлыг тодорхой тавьж, мэдээлэл хүсэх үйл ажиллагаагаа төрөлжүүлж сайжруулахгүй бол өнөөдрийн байдлаар манайд хуулийн хүрээнд мэдээлэл авах боломж хүрэлцээгүй байна. Төр мэдээллээ өгөхгүй байна. Энэ нь өөрөө факт, нууцалж байна гэсэн үг. Тиймээс сэтгүүлчид мэдээллээ өгөх үүрэгтэйг шахаж, мэдээллийн бааз, судалгаатай байж өөр байдлаар хандах хэрэгтэйг тодотгож байв.
Монголын Хэвлэлийн хүрээлэн, Герман улсын “Конрад Аденауэрийн сан” хамтран зохион байгуулсан өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт хууль, бие даасан шинжээч, судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлчид оролцлоо. Энд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Мөнхгэрэл “Цахим эрин дэх мэдээллийн эх сурвалжийннууц, аюулгүй байдлын зохицуулалт” сэдвээр, шинжээч судлаач Б.Болорсайхан “Мэдээлэл авах эрх, хандлага, бэрхшээл” сэдвээр, “Ил тод байдлын сан” ТББ болон “Иргэд төсвөө хянах сүлжээ” иргэний нийгмийн байгууллагын нэгдлийн тэргүүн Д.Цэрэнжав “Ил тод байдлын зохицуулалтын хэрэгжилт: Төсвийн ил тод байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ