Өнгөрсөн наймдугаар сард инфляц 2.1 хувь болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин юм.
Энэ талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа:
-Инфляцыг хөөрөгдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн хоёр улиралд хурдтай суларлаа. Тодруулбал, ДНБ 1-р улиралд -10.7%, 2-р улиралд -9.1% агшсан байна.
Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөргөдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг зөөлрүүлж байна.
Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. 8-р сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа.
Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн 3 жилд инфляцын 8%-ийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6%-ийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ гэлээ.