Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлын нөлөөгөөр жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмж хязгаарлагдаж байна
“Жирэмслэхээс Сэргийлэх Дэлхийн Өдөр”-ийг энэ жил есдүгээр сарын 26-ны Бямба гарагт тохиосон байна. Энэ өдрийг тохиолдуулан Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн хүртээмжийг хангаж ажиллахыг Мари Стопс Олон Улсын Байгууллагын Монгол дахь хөтөлбөрөөс уриалж байна.
Одоо дэлхий дахинаа нийт 214 сая гаруй эмэгтэй жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмжгүй нөхцөлд байгаа бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдсээр байна. Мари Стопс Олон Улсын Байгууллагын тооцоолсноор дэлхийн 1.4 сая эмэгтэй Ковид-19 цар тахлын улмаас гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон улс орон, газар нутагт олон эмэгтэйчүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга зам, гарцыг олж даван туулсаар байна.
Тухайлбал, Мадагаскар улсад нийтийн зорчих хөдөлгөөнийг хааснаас эмэгтэйчүүд амаржих болон жирэмслэхээс сэргийлэх үйлчилгээнд хамрагдах боломжгүй тул үүнийг шийдвэрлэхийн тулд Мари Стопс Олон Улсын Байгууллагын Мадагаскар дахь хөтөлбөрөөс Засгийн газартаа хүсэлт тавьж, өөрийн автобусыг замын хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрөл авсан байна. Ингэснээр эмэгтэйчүүд гэртээ үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллагуудад очих боломжтой болсон байна.
Гэр бүл төлөвлөлт нь эмэгтэйчүүдэд өөрсдийн ирээдүйг сонгох боломжийг олгож, тэдний амьдралыг өөрчилдөг. Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлснээр олон сая охид, эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн амьдрал болон ирээдүйг шийдэх боломжийг олгодог.
Цар тахлын улмаас дэлхий даяар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орхигдож байгаа нь эмэгтэйчүүдэд цар тахлын гамшиг дээр нэмээд давхар давхар ачааг үүрүүлж байна. Ялангуяа, залуу эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэхээс сэргийлэх зөвлөгөө, үйлчилгээ авах нь бэрхшээлтэй байдаг. Ийм ч учраас охид бүсгүйчүүд бэлгийн харьцаа болон жирэмслэхээс хэрхэн сэргийлэх тухай шаардлагатай мэдээллийг тэр бүрий авч чаддаггүй.
Хөгжиж буй бүс нутгийн хэмжээнд бүртгэгдсэн 15-19 насны өсвөр үеийн охидын 21 сая жирэмслэлтийн бараг тал хувийг (49%) хүсээгүй жирэмслэлт эзэлж байна. Манай улсын хувьд 2019 онд өсвөр насны охидын төрөлтийн түвшин тухайн насны 1000 эмэгтэйд харьцуулахад 30.8 байсан бөгөөд 2010 онтой харьцуулахад 2.0-оор нэмэгдсэн хэдий ч сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 5.3-аар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 77601 эх төрснөөс 20 хүртэлх насных 3456 буюу 4.4 хувь, нийт жирэмсний хяналтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 3422 нь буюу 4.4 хувь нь өсвөр насны охид эзэлж байгаа ба энэ үзүүлэлт 2007/6.3%/ онтой харьцуулахад 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны байдлаар үр хөндөлтийн 15485 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 337 тохиолдлоор буюу 2.2 хувиар буурсан байна. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70,000 гаруй өсвөр насныхан Мари Стопс Олон Улсын Байгууллагын үйлчилгээнд хамрагдах боломжгүй болсон байна.
Эх сурвалж: Marie Stopes International Mongolia