Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорино.
Манай хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг тамирчид болох Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нар Пушкашийн академид суралцахаар явсан нь Монгол хөлбөмбөгчид хамгийн удаан хугацаагаар хилийн чанадад суралцсан тохиолдол юм.
Харин тэдний нэг Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар дэлхийн шилдэг клубын хүүхдүүд оролцдог “Сузуки кап” тэмцээнд оролцох гэж байгаа нь содон үйл явдал болж байна. Тус тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” гэсэн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцоно.
Пушкашийн академи “Байерн Мюнхен”-тэй хийх тоглолтод багийнхаа чөлөөт цохилтуудыг гүйцэтгэдэг Г.Ганбаяр гарааны бүрэлдэхүүнд багтах өндөр магадлалтай байгаа юм хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг