Сангийн яамнаас Засгийн газар олон улсын зах зээлээс 600 сая ам.долларын “Номад” бонд босгосон асуудлаар мэдээлэл хийлээ.
“Номад бондоор “Мазаалай”, “Чингис” бондын өрийг сольж арилжив. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сүүлийн гурван долоо хоног Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаад “Номад” нэртэй 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжааллаа. Бондын хугацаа 5.5 жил, хүү нь 5.125 хувь байна. Гэхдээ бонд гаргаад бидэнд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольсон гэж болно.
2016 оны дөрөвдүгээр сард гаргасан “Мазаалай” бондын жилийн хүү нь 10.872 хувь байдаг. 2012 онд гаргасан “Чингис” бонд 5.125 хувийн хүүтэй байгаа. Засгийн газар 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх ёстой. Тэгэхээр бид “Номад” бондын 600 сая ам.доллараар ирэх жил төлөх бондын төлбөрийг сольж байгаа юм.
Ингэснээр хүүгийн зөрүүнээс 26 сая ам.доллар буюу 70 тэрбум гаруй төгрөг хэмнэнэ. Жилд дөрвөн бондын хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол “Номад” бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурна. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольж байна гэсэн үг.
“Мазаалай 500 сая ам.доллар, Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөрийг бондоор сольж байгаа юм. Үндсэндээ 1.5 тэрбум ам.доллар төлөх байсныг 900 сая ам.доллар болгож өөрчилсөн гэсэн үг.
Харин дотооддоо блокчейн технологид суурилан бонд босгоно. Олон нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас зээл авахгүй” гэсэн юм.