Ирэх 10 дугаар сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Булганы зүүн, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас 1-2°C-аар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Агаарын температур X сард 1981-2010 оны дунджаар (ОЖД) Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2-10°C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар +4…+9°C дулаан, бусад нутгаар -1°C хүйтнээс +4°C дулаан байдаг.
XI сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -12-20°C, Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр -2-8°C, бусад нутгаар -8-12°C хүйтэн байдаг.
XII -I сард хүйтэрч Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -24-30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -8-16°C, бусад нутгаар -16-24°C хүйтэн байдаг.
II сард Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -22-30°C, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр -6-12°C, бусад нутгаар -12-22°C хүйтэн байдаг байна.
Хур тунадас ОЖД-аар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 9-15 мм, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 3-6 мм, бусад нутгаар 6-9 мм хур тунадас ордог байна. XI сараас эрс багасаж Баруун, Төв, Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 4-10 мм, бусад нутгаар 1-4 мм хүртэл хур тунадас ордог байна. Харин XII-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-8 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог байна.
Эх сурвалж: ЦУОШ