Human hands working on laptop on office background

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлийг анх ЮНЕСКО-оос 2015 онд зарлаж байсан билээ. Харин 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас мэдээллийн хүртээмжийн асар их ач холбогдлыг үнэлж, энэ өдрийг НҮБ-ын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

КОВИД19 хямралын цаг үе дэх мэдээллийн хүртээмжийн асуудал энэ жилийн Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийн анхаарлаа төвлөрүүлэх гол сэдэв юм. Энэхүү олон улсын өдрийг дэлхий нийтээр “Амьдрал аварч, итгэл төрүүлж, найдвар авчирна!” #уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
НҮБ-ын зүгээс мэдээллийн хүртээмжийг эрүүл байх эрхийн гол бүрэлдэхүүн хэсэг хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Дэлхий нийтийг хамарч буй КОВИД 19 цар тахлын хямралт үеэр хүний эрхийг хангах үүднээс мэдээллийн хүртээмж, нэн ялангуяа эрүүл мэндээ хамгаалуулах #эрхийг #хэрэгжүүлэхэд түүний гүйцэтгэх онцгой үүргийг ухамсарлах нь нэн чухал юм.

Төрийн бүх байгууллагууд хямралт энэ үед иргэдийн суурь ашиг сонирхолд нийцсэн, нийтэд ил тод байх мэдээллийг өгөхөд идэвх чармайлт гаргах нь зүйтэй. Эрүүл мэндийн хямралтай холбоотой үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл мэндийн асуудлаарх мэдээллийг хэвлэн нийтлэхийг эрх мэдэлтнүүдийн зүгээс хязгаарлах аваас хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд эрүүл байх эрх бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй юм.

Онц байдал нь олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хөсөрдүүлэх үндэслэл болохгүй хэмээн Европын Зөвлөлөөс гаргасан онц байдлын үеэр хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хамгаалах тухай удирдамжид заасан байдаг.

Мэдээлэлтэй байх эрхийг хүний эрх мөн хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч зарим тохиолдолд энэ эрхийг бусдын эрх, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлагаас үүдэн хязгаарлахыг олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг.

Ингэхдээ, энэхүү хязгаарлалт нь хуулиар тогтоосон байх, хууль ёсны зорилго агуулсан байх, зайлшгүй байх ба нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд хэм хэмжээндээ байхаас гадна цаг хугацааны нарийн хязгаарлалттай байх ёстой.

Засгийн газрын зүгээс хүний эрхийг, тэр дундаа эрүүл байх эрхийг хамгаалахад шаардлагатай мэдээ, мэдээллээр нэн тэргүүнд хангах үүрэг хүлээдэг.

ДЭМБ-ын Ерөнхий захирал, үнэн бодит, цагаа олсон мэдээлэл КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд нэн чухал гэдгийг удаа дараа онцолсон билээ. Эрүүл байх эрх нь олон улсын хүний эрхийн хуулиар хамгаалагдсан бусад эрхтэй, тэр дундаа мэдээлэлтэй байх эрхтэй нягт холбоотой. Мэдээлэлтэй байх эрх нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг дур зоргоор хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. Энэ хоёр эрхийг тэнцвэржүүлснээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ цагдан хяналт тогтоох, хуурамч мэдээлэл тарах тохироо бүрдэхээс урьдчилан сэргийлэх учиртай.

Дэлхий даяар засгийн газрууд иргэдээ хамгаалах үүргийнхээ хүрээнд хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг онцгой арга хэмжээ авч байгаа энэ цаг үед чөлөөт хэвлэлийн асар их үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд сэтгүүлчид олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, ийм төрлийн мэдээлэлтэй тэмцэх, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд хүчин чармайлтаа дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

Иймд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд КОВИД 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулж Монгол Улсын Засгийн газарт олон улсын байгууллага, дотоодын байгууллага болон хувь хүмүүсийн өгч буй зээл тусламж, хандивийг хэрхэн зарцуулж буй талаарх мэдээллийг эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнуудаас нэхэн шаардах, эрэн сурвалжилга хийхийг уриалж байна.

Эх сурвалж: Globe International Center

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн