Улаанбаатар хотод худалдаалагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэе. Есдүгээр сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9.118 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11.449 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 184 төгрөгөөр буюу 1.6 хувь, үхрийн цул махны үнэ долоон төгрөгөөр буюу 0.1 хувиар тус тус өссөн гэж Нийслэлийн статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8.600 төгрөг. Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13.000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр, хонины цул махны үнэ 108 төгрөгөөр тус тус буурчээ.
Долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7,500 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13,000 төгрөгөөр худалдаалж байна.