Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас төөрчээ.
Улмаар иргэд аймгийн Онцгой байдлын газарт “Зам харагдахгүй байна. Уулнаас буух боломжгүй боллоо” хэмээн мөн өдрийн 16:55 цагт хандсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу 17:20 цагт гарсан бөгөөд дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгчээ.
Маргааш өдрийн 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Алба хаагчид тухайн иргэдийн байгаа уулын бэлд 12:00 цагийн үед очиж, уулнаас буулгажээ. Дээрх 15 хүний биеийн байдал хэвийн байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.