[starbox]
АНУ тив алгасагч пуужинг шүүрэгч пуужингаа амжилттай туршсаныг Пхеньян шүүмжлээд, АНУ-ын эх газрыг үнсэн товрог болгоно гэж сүрдүүлжээ. Энэ талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Хойд Солонгосын Стратегийн хүчний төлөөлөгч тус улсын мэдээллийн “KCNA” агентлагт өгсөн тайлбартаа Пентагоны явуулсан пуужингийн эсрэг туршилтыг өдөөн хатгалга байсан гэж нэрлэжээ. Тэрбээр америкчууд иймэрхүү пуужин шүүрэгч систем туршсанаар Хойд Солонгосын цохилтоос сэргийлж чадна гэж бодож байгаа бол эндүүрч байна гэж англиар мэдэгдсэн байна.
“Иймэрхүү эрсдэлтэй алхам нь АНУ-ын БНАСАУ-ын эсрэг явуулж буй цөмийн дайныг дэгдээх бэлтгэл сүүлчийн шатандаа оржээ. Тэдний ухаангүй алхам нь БНАСАУ-ын цөмийн хүчээ бэхжүүлэх, батлан хамгаалах алам бүрэн утгаараа үнэн зөв болохыг баталж байна. Тэд өдгөө пуужин шүүрэгч системээ үр дүнтэй байгаа, туршилтын явц амжилттай байснаараа онгирч, хий хоосон бардамнацгааж байгаа. Гэвч БНАСАУ үүнийг аргаа ядсан хүмүүсийн тэнэг алхам гэж үзэж байна. Трампын засаг захиргааны цөмийн дайны аргаа ядсан мөрийтэй тоглоом АНУ-ын эх газрыг үнсэн товрог болгох өдрийг ойртууллаа” хэмээн мэдэгджээ.
Пентагон өнгөрсөн сарын 30-нд Номхон далайд тив алгасагч пуужинг шүүрэгчийг амжилттай туршсан билээ.
Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 2-нд БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой нэр бүхий 15 хүн, дөрвөн байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмж бүртгэсэн байна. Харин энэ сарын 3-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгохын тулд эдийн засаг, дипломат бүхий л арга хэмжээг туршиж үзнэ гэдгээ мэдэгджээ.
1 comment
Amerkiik yaaj barhaw de hhhha