Өөрийгөө Есүс Христийн хойд дүрээр зарлаж, Сибирийн зэлүүд нутагт шүтэн бишрэгчидтэйгээ цуг амьдарч байсан эрийг Оросын тусгай албаныхан баривчилжээ.
Дагагчид нь Виссарион гэж нэрлэдэг Сергей Торопыг баривчлах ажиллагаанд нисдэг тэрэг, зэвсэглэсэн тусгай хүчний алба хаагчдыг дайчилсан байна.
ОХУ-ын мөрдөн байцаах хороо түүнд хууль бус шашны үйл ажиллагаа явуулсан, шүтлэгтнүүдээс мөнгөн татвар авч, сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлсэн зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Одоо 59 настай Тороп өмнө нь замын цагдаагийн офицер байсан юм. Тороптой хамт түүний баруун гар гэгддэг, Зөвлөлтийн үеийн хамтлагийн бөмбөрчин асан Вадим Редкин, өөр нэг туслах Владимир Ведерников нар баривчлагджээ.
1989 онд замын цагдаагийн ажлаа алдсан Тороп 1991 онд “Сүүлчийн гэрээслэлийн сүм” нэртэй шашны хөдөлгөөнөө байгуулсан байна.
Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд түүнтэй хамт хэдэн мянган сүсэгтэн Сибирийн Красноярск мужийн зэлүүд нутагт байгуулсан сууринд амьдарч байжээ.
Тэдний дунд Оросын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсээс гадна гадаадын иргэд ч байсан юм.
Тороп 2002 онд хэвлэлд ярихдаа “Би бурхан биш. Есүсийг бурхан гэж бодох нь буруу. Харин би бол бурхны амьд үг юм. Бурхны хэлэхийг хүссэн бүгд надаар дамждаг” гэж байжээ.
Эхэндээ тэр Есүс хүн төрөлхтнийг дэлхийн тойрог замаас харж байдаг, Ариун Мария эх Орос орныг удирддаг гэж номлодог байснаа сүүлд өөрийгөө Есүсийн хойд дүрд өргөмжилснийг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Торопын сууринд амьдрагсад зөвхөн ногоон хүнсээр (веган) хооллодог, тэдний дунд мөнгө санхүүгийн харилцааг хориглосон байжээ. Энгийн даруу хувцаслах дүрэмтэй шүтлэгтнүүд Торопын төрсөн 1961 оныг цаг хугацааны тооллын эхлэл болгож, Торопын төрсөн нэгдүгээр сарын 14-ний өдрийг зул сарын баяр болгон тэмдэглэдэг гэнэ.
Амьд бурхныг нь баривчилсны дараа тэдгээр сүсэгтнүүдийг яах гэж байгаа талаар мэдээлэл алга байна. Мөн энэ олон жилийн дараа Торопыг гэнэт баривчилах болсон шалтгаан ч тодорхойгүй байгаа юм.
Оросын үнэн алдартны сүм хийдийн захиргаа Торопын үйл ажиллагааг буруутгадаг байсан ч хориглох арга хэмжээ авч байгаагүй. Оросын зарим хэвлэлүүд тэднийг орон нутгийн хэн нэгний бизнесын сонирхлыг хөндсөн тул арга хэмжээ авсан байж болзошгүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж : IKON.MN : The Guardian
2 comments
just ordinary fine guy,hpoe so
Есүстэй нээрэ адилхан золиг бн шүү хххэхээ Оросд хүнтй эрх чөлөө Sucks)