Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зохион байгуулах журмаар зөвлөлийг тогтоосон байдаг. 1992 онд нийгэм солигдох тэр үед УБХТН-ийн дарга удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн удирдлагуудаа сольж, хүчингүй болсон тамга тэмдэг, хуурамч бичиг баримт ашиглан газар олон өмч хөрөнгүүдийг БХТН-ийн нэр дээр шилжүүлж авсан байна.
Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын өмчийг дур мэдэн хувийн байгууллагад шилжүүлэх, авах, үрэгдүүлэх зэрэг асуудлыг цэгцлэх ёстой. Хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Улсын өмчийг буцаан авах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэв.
“Техник спортын төв” ТӨААТҮГ нь спорт сургалтын үйл ажиллагааг явуулах, Үндэсний шигшээ баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлөөр хангах, Биеийн тамир спортын салбарын талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийг хангах зэрэг үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Мөн өдөр “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ, Нийслэлийн өмчит Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК, Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборт ажиллалаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр шаваа тавьсан “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байна. Энэхүү өргөө ашиглалтад орсноор мөсөн спортын тамирчид хичээллэх, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой юм.
Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборын тухайд нийт 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрэээнд баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм. Энэхүү цогцолборт 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв байгуулагдах аж. Уг цогцолборыг 2021 оны II, III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажилласны үр дүнд спортын цогцолбор баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам намар болно. Үүнд анхаарч, бэлтгэлээ хангаж ажиллах хэрэгтэй.
Хот бол дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Ажил эхлэж байх үеийнхээс өнөөдөр их олон ажил хийсэн байна. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженер, техникийн ажилтан, залуучуудад талархаж байна. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын жил байх болно. Спорт, соёл урлаг, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон талын бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа Биеийн тамир, спортын улсын хороог Ерөнхий сайдын дэргэд хамаарагдсан.
Мөн 20 гаруй жилийн дараа Соёлын яамтай боллоо. Энэ нь соёл, урлаг, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг өргөжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч буйг харуулж байгаа юм. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна.
Спорт, урлаг, соёлын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал байгаа юм” гэв.
Нийслэлийн ЗДТГ