Монголын цагаар өнөө өглөө (2017.06.04) 05 цаг 07 минутын үед АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс Фалкон-9 пуужин амжилттай хөөрлөө.
Фалкон-9 пуужин нь Драгон хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах юм. Драгон хөлөг нь Олон Улсын сансрын станцтай холбогдох бөгөөд Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг тээвэрлэж яваа.
Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дахь агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан ажээ. Харин “Мазаалай” хиймэл дагуул сар орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай.
Тэрхүү түүхэн цаг мөчөөс Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол улсын анхны хиймэл дагуул сансрын уудамд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах ажээ.
Энэ үйл явдал нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг. Сансарт хүн анх ниссэнтэй дүйцэхүйц томоохон баярт үйл явдал” гэдгийг төсөлд оролцсон МУИС-ийн эрдэмтэд онцолж байна.
Энэхүү хөтөлбөрт Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер гэсэн таван улс хамтарч байгаа юм. Мөн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа, нано хиймэл дагуул хийж, хөөргөх тал дээр олон талын тусламж, хөнгөлөлт үзүүлж байгаа билээ.
Монголын анхны хиймэл дагуулыг Япон улсын Кюүшү технологийн институтэд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар гардан бүтээсэн нь бахархалтай.
Хиймэл дагуул хөөргөхөд нийт 225 мянган ам.долларын санхүүжилт шаардлагатай байсан бөгөөд 125 мянган ам.долларыг нь БСШУЯ Япон улстай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслөөс, 50 мянган ам.долларыг нь МУИС гаргасан. Харин үлдсэн 50 мянган амдолларыг олон нийтийн хандиваар бүрдүүлжээ.
Цаашид NUMSAT-1U хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, хиймэл дагуулаа удирдах, хянах боломжтой болох аж.
NUMSAT-1U хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зэрэг шинжлэх ухаан технологийн олон талт ач холбогдолтой юм. Түүнчлэн, газрын гадаргын өөрчлөлт, ой хээрийн түймэр, байгалийн гамшгийн судалгаанд ч нэн чухал үүрэгтэй.
Манай улсын хиймэл дагуул хөөрч, бүрэн ажиллагаанд орсноор бусад дөрвөн улсын хиймэл дагуултай холбогдож, мэдээллээ солилцож, шинжлэх ухааны туршилтуудыг хийх боломжтой болж байна.
Эх сурвалж: http://nem.mn/n/3952#.WTN-BXZ4YjY.facebook
Төслийн тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.