Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ–ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцуулсан юм.
/ЭМЯ–ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн /
Үүнээс түүвэрлэн хүргэвэл:
- Зүрх судасны өвчний үед хэрэглэдэг Statins эмийг COVID-19 халдварын эмчилгээнд олон улсын судлаачид туршиж байна. Энэ эмийг хэр үр дүнтэй талаар Малайзын судлаачид анализ хийх байдлаар судалжээ. Судалгаанд нийт 8,990 өвчтөн оролцсон байна. Дээрх эмнэл зүйн судалгаагаар Statins эм нь халдвар авсан хүмүүсийн нас барах хүндрэлийг 30 хувиар бууруулж байгаа нь тогтоогджээ.
- АНУ-ын Нью Йорк хотын судлаачдын судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардал нь 3,045 ам.доллар байжээ. Судлаачдын тогтоосноор, АНУ-ын хүн амын 20 хувь нь халдвар авсан тохиолдолд 11.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бол 2.7 сая хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэнэ гэж тооцоолжээ. Мөн 1.6 сая хүн амьсгалын аппаратад орох шаардлага хэрэгцээ бий болох бөгөөд 163.4 сая ам.долларын эмчилгээний шууд зардал үүснэ гэсэн байна.
- БНХАУ-ын эрдэмтэд цайрыг коронавируст халдварын үед хэрэглэх эмнэл зүйн судалгааг явуулж эхэлжээ. Тэд нийт 141 өвчтөнд цайр оролцуулсан эмчилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн биеийн байдлын коронавирусийн стандарт эмчилгээ хийлгэж буй 377 өвчтөнтэй харьцуулжээ. Цайр нь үрэвсэл намдаах, дархлаа сэргээх зэрэг үр дүн үзүүлсэн бөгөөд өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа нь 84 хувиар, нас барах магадлал нь 80 хувиар тус тус бууруулж байжээ.
- АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч COVID-19 халдварын вирусийг устгах чадвартай эсэхийг судалжээ. Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусийн хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна.
Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ.Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна.
Л.Баяр