“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан тус компаниас няцаалт мэдэгдэл хийлээ.
Мэдээлэлд, тухайн үед Тэргүүн дэд захирал буюу Уул уурхайн бодлого, уурхайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрс борлуулах үйл ажиллагаанд огт хамааралгүй байхад гарын үсэг зурдаг байсан мэтээр гүтгэж, ямар нэг байдлаар хууль бус зүйлд хамаатуулах, харлуулж гутаах гэж дахин дахин оролдож байгаад харамсч байна.
Компанийн журмын дагуу Нүүрс борлуулалтын гэрээний саналын хуудсанд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд гарын үсэг зурж, Борлуулалт хариуцсан газрын захирал болон Гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг байсныг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас албан ёсоор мэдээлэв.