Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай тул дэлхийн зах зээл дэх түүхий эдийн хэлбэлзэлд байнга өртдөг бөгөөд улмаар макро эдийн засгийн орчны тогтворгүй байдал, хэлбэлзлээр дэлхийд дээгүүрт орж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын макро бодлого (төсөв, мөнгө, ханшийн бодлого) нь дээрх гадаад шокын нөлөөг саармагжуулах бус түүнийг улам хурцатгаж байгаа нь анхаарал татаж байна.
Тогтвортой байдлыг хангах, баялгийн хараалын сөрөг нөлөөг бууруулахын тулд макро эдийн засгийн бодлого нь зөвхөн өнөөгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд бус харин эдийн засгийн мөчлөгийн бүхий л явцад хэрэглээг тогтвортой байлгахад чиглэх нь зүйтэй. Үүний тулд төсвийн бодлого нь мөчлөг сөрсөн байхын зэрэгцээ төсвийн дүрэм нь ил тод, төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хараат бус, найдвартай, Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сангийн үйл ажиллагаа сайн, дүрмийн дагуу хуримтлуулдаг байх шаардлагатай. Түүнчлэн хараат бус төв банк мөнгө, санхүүгийн зохистой бодлогыг баримталж, төгрөгийн ханш илүү уян хатан тогтох боломжийг бүрдүүлэх нь макро эдийн засгийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой.
Эдийн засгийн тогтворгүй байдал байнгын шинжтэй болж байна
Эдийн засгийн бүтцийн хувьд төстэй бөгөөд орлогын хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын макро эдийн засгийн тогтворгүй байдал нь өндөр төдийгүй сүүлийн хорин жилд эрс нэмэгдсэн байна. Макро эдийн засгийн энэхүү тогтворгүй байдал нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг сэдрээгээд зогсохгүй, өрхийн хэрэглээ, бизнесийн орлого, хөрөнгө оруулалтад ч мөн нөлөөлж байгаа нь ажиглагдлаа
Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хэлбэлзэл бусад ижил
төстэй орнуудтай харьцуулахад өндөр байна
Ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын үйлдвэрлэл, хэрэглээний хэлбэлзэл харьцангуй өндөр байна. Дэлхийн болон Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундажтай харьцуулахад 1998–2019 онуудад Монгол Улсын үйлдвэрлэлийн өсөлт хэт өндөр хэлбэлзэж байна. Түүхий эд үйлдвэрлэгч улс орнууд ихэвчлэн дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаанд хэт өртөмтгий байдаг тул Монгол Улсын хувьд энэ нь тийм ч цочирдмоор асуудал биш юм. Гэлээ ч түүхий эд үйлдвэрлэгч орнууд дундаа Монгол Улсын өсөлтийн хэлбэлзэл хамгийн өндөр байгаа нь зовнил төрүүлж байна (зураг 2.1). Тэр дундаа хэрэглээний өсөлтийн хэлбэлзэл (Гайана, Арабын Нэгдсэн Эмират, Катар улсаас бусадтай нь харьцуулахад) өндөр байгаа нь анхаарал татахаар байна (зураг 2.2).8 Учир нь үйлдвэрлэлийн хэлбэлзэл нь түүхий эдийн үнэ гэх мэт гадаад хүчин зүйлсээс өндөр хамааралтай бол хэрэглээний хэлбэлзлийг макро эдийн засгийн бодлогын зохистой арга хэрэгслээр бууруулах боломжтой гэж үздэг.
Уул уурхайн салбартай харьцуулахад бусад салбар илүү өндөр хэлбэлзэлтэй байгаа нь анхаарал татаж байна. Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөн тогтмол явагдаж байдаг барилга, худалдаа зэрэг худалдаалагддаггүй салбаруудын үйлдвэрлэлийн хэлбэлзэл 2004-2019 онуудад нэмэгдсэн байна.
Ингэснээр өрхийн амьжиргаанд нэмэлт дарамт учруулжээ (зураг 2.3).9 Уул уурхайн үйлдвэрлэлийн хэлбэлзэл нь дэлхийн үнийн мөчлөгөөс хамаардаг бөгөөд Монгол Улс түүнийг хянах, нөлөөлөх боломжгүй тул уул уурхайн үйлдвэрлэлийн хэлбэлзэлд дотоод бодлогоор нөлөөлөх боломжгүй.
Харин дотоод хэрэглээний хувьд бодлогоор нөлөөлж, тогтворжуулах боломжтой ч хэрэглээ ийнхүү өндөр хэлбэлзэж байгаа нь бодлогын хүчин зүйлтэй холбоотой байна.
Макро эдийн засгийн орчин жил ирэх тусам улам тогтворгүй болж байна
Уул уурхайн сэргэлтийн үед Монгол Улсын үйлдвэрлэл болон хэрэглээний хэлбэлзэл нэмэгджээ. Армени, Чили, Катар зэрэг ижил төстэй, жишиг орнуудын адилаар Монгол Улсад 1998-2003 болон 2006-2019 онуудад үйлдвэрлэлийн хэлбэлзэл нэмэгджээ (зураг 2.4). Мөн дээрх хугацаанд Чили, Гайана, Арабын Нэгдсэн Эмират улсуудын адилаар хэрэглээний хэлбэлзэл ч нэмэгдсэн байна
Макро эдийн засгийн хэлбэлзэл, санхүүгийн салбарын эмзэг байдал
харилцан хамааралтай байна
Макро эдийн засгийн тогтворгүй байдал нь санхүүгийн салбарын эмзэг байдалд нөлөөлсөн байж болзошгүй ч мөчлөг дагасан зээлийн бодлого нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг мөн хурцатгаж байна. Уул уурхайн салбар эрчимтэй сэргэж эхэлсэн үеэс зээлийн өсөлт ихээхэн тогтворгүй болжээ (зураг 2.6). Түүхий эдийн үнийн өөрчлөлт нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдал, зээлээ төлөх чадварт шууд нөлөөлдөг бол банкнаас бусад салбарт олгосон зээл (үүнд иргэдийн зээл мөн хамаарна)-ийн багцад шууд бусаар нөлөөлдөг байна. Улмаар түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь банкны ашигт ажиллагаа, бизнесийн тогтвортой байдалд томоохон нөлөөтэй байна. Тухайлбал, түүхий эдийн үнэ болон банкуудын (татан буугдсан банкуудыг оруулснаар) ашигт ажиллагаа хоорондын хамаарлыг зураг 2.7-д харууллаа. Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалан Монгол
Улсын эдийн засаг эрчимтэй доройтсоноор хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр банк дампууран хаалгаа барихад хүрчээ.10 Макро эдийн засгийн өндөр хэлбэлзлийг харгалзан болзошгүй хямрал, түүнтэй холбоотой нөөцийн дутагдалд орохоос сэргийлэх зорилгоор банкуудад өөрийн хөрөнгийн зохистой түвшинг хадгалах шаардлага тавьдаг.
Гэвч зээл олгох стандарт сул, бизнесийн загвар нь тогтвортой биш, харилцан хамааралтай этгээдэд зээл олгодог зэрэг нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг нэмэгдүүлж мөчлөг дагасан зээлийн бодлого нь макро-санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлжээ. Үүний нэг жишээ нь өрхийн өр өндөр түвшинд хүрсэн явдал юм. Сүүлийн арван жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нөлөөгөөр өрхийн өр эрс нэмэгдэж ДНБ-ий 35 хувь орчимд хүрсэн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 50 хувийг өрхийн зээл бүрдүүлэхийн хамт хэт өндөр зээлтэй зээлдэгч нар дээр голчлон төвлөрчээ. Иргэдийн нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 3.7 хувь байгаа ч өрхийн өр өндөр түвшинд хүрснийг харгалзан үзвэл энэхүү зээлийн боломжит алдагдал нь банкны ашигт ажиллагаанд нөлөөлж, санхүүгийн салбарын эмзэг байдлыг хурцатгаж болзошгүй.
Дэлхийн банкны тайлангаас …