Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 58 дахь улирлын тоглолтоо аравдугаар сарын 03-нд “Учиртай гурван толгой” дууриар нээх гэнэ. Учир нь энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй юм.
Тэртээ 1950 оны 12-р сарын 30-нд эл театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
Энэ удаа “Учиртай гурван толгой” дуурийн гол дүр болох Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар тоглох юм байна.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан түүхтэй.