Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүүхдийн хувь тавилан – updown.mn

Хүүхдийн хувь тавилан

Гарт тань баримлын шавар байвал та юу дуртайгаа хийнэ. Бүх юм маш энгийн. Гартай, хөлтэй хүн хийж болно.

Энэ баримлан хүнийг хүсвэл төгөлдөр хуурын ард суулгаж Никитоны Бачка шиг болгоно. Хүсвэл зураг зуруулна. Чингүнжавын хөшөөг барьсан зураач Тэнгисболд шиг болгоно. Хүсэх юм бол сагсан бөмбөг өгч Шаравжамц шиг довтлогч болгоно. Аль эсвэл эмчийн чемодан бариулна. Чинбүрэн шиг мэс засалч болгоно. Учир нь баян чинээлэг эсвэл нэр алдартай байна гэдэг тун сайхан шүү дээ. Ийм юмнаас татгалзаж болно гэж үү?

Тэгвэл яагаад бид үр хүүхдэдээ энэн шиг ийм хөнгөн хандана вэ? Мах цуснаас тогтсон жижиг боловч өөрийн хүсэл мөрөөдөлтэй хүн баримлын шавраар хийсэн энэ хүнтэй огт адилгүй.

Хүүхэд жаахан байхдаа бүх юман дээр эцэг, эхийнхээ зөвлөгөөг дагахыг хичээдэг. Тэдний урмыг хугалахаасаа ихэд айна. Ээж, аав хоёр нь байнга л “Чиний төлөө бүхнээ золиослосон, бид чиний төлөө хичнээн ихийг хийсэн гээч” гэж байнга үглэж загинадаг учраас.

Гэтэл хүүхдийн нас 13 хүрэхэд нөхцөл байдал эрс өөрчлөгддөг.

Эхэндээ дургүйцлээ илэрхийлэх болно. Илт дургүйцэл биш л дээ. Өмнө нь бүхнийг зүгээр л хийчихдэг байсан бол одоо нэг л дурамжхан, хөдөлж ядсан шинжтэй. Дахин дахин гуйлгана, босч ирээд л дурамжхан гэгч нь хийнэ. Ингээд л дургүйцэж эхэлнэ дээ. Өөртөө тааруулахыг хичээнэ. Яваандаа илэрхий дургүйцэх болно.

Төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн хайртай охиныхоо учрыг олохгүй болоод ирсэн нэгэн гэр бүлийн кэйс надад байна л даа. Жишээ болгож тайлбарлая.

Эцэг эхчүүдийнх нь үзэж буйгаар хамгийн энгийн буюу урд орой нь хичээл номоо ялгах, хоол идэж байхдаа юм уншихгүй байх зэрэг бүх л зүйлүүдийг хийхээс татгалзах болжээ. Охиных нь ийм зан аав ээжийнх нь хувьд санаанд оромгүй зүйл аж. Тэд яагаад, юуг буруу хийгээд байгааг мэдэхгүй гайхна.

– Таны санаа чинь зовж байгааг ойлгож байна аа. Тэглээ ч таны хүүхэддээ хайртайг тэр юугаар дамжуулж мэддэг вэ? гэж асуумаар байна. Та тэр бидний юу хүсдэгийг мэддэг гэж их итгэлтэй хэллээ. Яагаад ийм итгэлтэй байгаа юм?

Ээж: Яагаад гэвэл бид түүнд бүхнийг өгч байгаа. Аав нь ч, би ч өгч байна. Бид үхтлээ зүтгэж мөнгө олж байна. Ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд юуг, яаж хийхийг түүнд хэлж өгдөг.

– Өөрөөр хэлбэл та хоёр өгөөд л харин тэр авахгүй байна уу?
– Одоо бол хүсэхгүй байгаа. Урд нь бол тэр ойлгодог байсан юм. За за, тийм тийм гээд л. Гадаад хэл сурах ч сонирхолтой л байсан.

– Урд нь бол тэр жаахан хүүхэд байсаан. Одоо бол тэр өсвөр насных.
Охин: Тэд намайг яагаад туйлын сайн болгох гээд байгаа юм бол оо. Тэдний санаагаар бол би тийм байх ёстой байх л даа. Гэхдээ би хүсэхгүй байна шүү дээ. Тэд миний юу хүсч байгааг хэзээ ч асуудаггүй, тэгээд өөрсдийнх нь зөв гэж бодож байгаа. Гэвч надад таалагдаж байгаа эсэхийг хэзээ ч тэд асууж байгаагүй юм чинь.

Эцэг эхчүүд үр хүүхдээ гол төлөв өөрийнх нь үргэлжлэл, өөрийгөө хэрэгжүүлэх бас нэг боломж гэж үздэг. Хөгжимчин, дипломатч болохыг хүсч байсан ч ямар нэг шалтгаанаар болж чадаагүй бол одоо хүүхдийнхээ тусламжтай ийм хүн болохыг тэд хүсдэг.

– Гол асуудал нь таны охин санасанд чинь хүрэхгүй байгаад оршиж байна. Тийм үү?
Ээж: Санаанд огт хүрэхгүй байна аа. Тэр хичээлээ таслах болсон, хичээлээс зайлсхийнэ, түүнд таалагдах юм гэж юу ч байхгүй. Хөгжим ч бас хэрэггүй гэнэ.

– Таны хүүхэд ямар хүн болж хүмүүжих, тантай яаж харилцах ёстой талаар та нэг тийм, туйлын сайхан төсөөлөлтэй байна аа даа. Тийм бол тэр хамгийн сайн хувилбараар чинь ямар байх ёстой юм?
Аав: Миний охин ер нь тийм байсан юм шиг ээ, онц сурлагатай!

– Ямар байсан гэж? Туйлын сайн гэдэг чинь ямар байсан гэсэн үг вэ?
Аав: Би түүнийг өсгөж байсан. Түүнийг хөгжүүлэхийн тулд бид бүхнийг хийсээр ирсэн дээ. Зарим нэг хүүхдүүд шиг чөлөөт цагаараа тэнэглээд байдаггүй, үргэлж л завгүй, үр ашигтай юм хийдэг байсан… Онц сурч байсаан.

Аав ээж хоёр нь үнэнээсээ л “Охиноо амьдралынхаа замыг өөрөө сонгож чадахгүй” гэж үзэцгээж байна. Нас нь болоогүй гэнэ. Бүх зүйл нь биднийхээс хавьгүй дээр байна гэж боддог аж.
Тэгээд бүр охиноо гадаад хэл, хөгжим, каратэ, уран зураг сонирхож байна уу, үгүй юу гэдгийг асуудаг ч үгүй.

“Мэдээж хүсч байгаа. Бид түүний насанд зөвхөн мөрөөддөг л байсан” гэж хайрт аав ээж хоёр нь дуу алдацгаана.

Охин: Ээж намайг дахиад нэг дугуйланд бүртгүүлсээн. Хийлийн дугуйлан. Би хөгжимчин болохыг огтхон ч хүсэхгүй байгаа. Бүжгийн дугуйланд явахыг би маш их хүсэж байсан ч харин ээж маань хориглосон. Ийм л байна даа.

Үргэлж загнуулж, шүүмжлүүлж байдаг хүүхдүүд өөрсдийгөө арчаагүй, доромжлогдсон мэт санадаг. Тэдний хамгаалах үйлдэл нь томчуулын тулгасан дүрэм журмыг эсэргүүлцэл болгож гаргах ширүүн ааш байдаг.

– Та хоёрын хүмүүжүүлэх үзэл бодол адилхан уу?
Ээж: Нөхөр бид хоёр уу?

– Тийм.
Ээж: Тэгэлгүй яахав. Гэхдээ тэр охиндоо илүү боломж бололцоо сонгох боломжийг илүү өгдөг юм. Намайг ингэх хэрэггүй ээ, тэгэх хэрэгтэй гэхээр нөхөр маань охин маань яахав тэрийг тэгэг дээ энэ тэр гээд л.

– Хүүхдийнхээ хүмүүжлээс ямар үр дүн гараасай гэж та хүлээж байна вэ?

Ээж: Охин маань сайн боловсрол эзэмшиж, сайхан үр дүнд хүрээсэй. Бас өөрийнх нь төлөө хэн юу хийж байгааг ойлгож, сайн ээж болоосой л гэж хүсэж байна даа.

Томчуудын хамгийн түгээмэл алдааны нэг бол хүүхдээс талархал шаардах явдал юм. Тэгэх юм бол бид хариу нэхдэггүй хайрын тухай ярьж чадна гэж үү? Охин бие даасан хүн байхыг хүсч байгаагаа эцэг, эхдээ зөвхөн батлахын тулд эсэргүүцэл илэрхийлхээр шийдсэн юм биш, тэр зүгээр л ээж, аавынхаа өмнө хүлээсэн үүрэгтээ ядарчээ. Энэ үүргийг нь лайтай нь тэрэнд байнга сануулна.

Ээж: Бүгдийг хийж байна шүү дээ. Тэгэхэд тэр ер үнэлэхгүй, баярлаж талархахгүй, өөрийнх нь төлөө өчнөөн юм хийж байхад эцэг, эхдээ талархаж байгаасай гэж боддог.

Аав: Хэрэггүй гэдэг чинь юу гэсэн үг юм. Бүгдийг нь түүний төлөө хийж байгаа. Хожим хэрэг болно шүү дээ.

Ээж: Тэгээд ч өөрт нь юу хэрэгтэй, хэрэггүйг тэр мэдэх ч үгүй.

Эцэг, эх хоёр хоёулаа нэгдсэн фронтоор хүүхдийнхээ эсрэг довтолж байгаа гэр бүлд маш хүнд үр дагавартай зөрчилдөөн гардаг. Хүүхдүүд гэрээсээ явж, орон гэргүй тэнэмэл эсвэл хар тамхичин болно.

Харин эцэг, эхийн нэг нь хүүхдээ дандаа шийтгэж, нөгөө нь дэмждэг гэр бүлд хүүхэд нэг талаас хамгаалагдсан байх ч, нөгөө талаас арга зальтай нэгэн болж хүмүүждэг.

Нөхцөл байдал, мөрөөдөл нь биелээгүй эцэг, эх хүүхдээсээ ихийг хүлээдэг гэж заавал нэг схемд орсон байх албагүй л дээ. Мөрөөдөл нь биелсэн, их юманд хүрсэн эцэг, эх ч бас хүүхдийнхээ бие махбодь, сэтгэл зүйн чадавхийг үл харгалзан түүнд яг ийм шаардлага тавьдаг.

Харин бидний авч үзсэн нөхцөл байдал бол мөрөөдөл нь биелээгүй эцэг, эх л дээ. Аав, ээж хоёр нь ариун гэгээн үр удамдаа чадах бүхнээ зориулна аа гэж зүтгэж байна. Аль болох их хичээл, дугуйланд суралцуулж, ээж нь аль болох удаан хугацаанд хүүхдийнхээ дэргэд байх ба ирээдүйд ээж нь “Би энэ хүүхдэд хамаг амьдралаа зориулсан” гэж хэлэх байх л даа.

Өсвөр насны хүүхдийн хэврэгхэн оюун санааг эвдлэх тун амархан. Ёс суртахуунгүй байдал ба хатуу чанга хүмүүжлийн хоорондын нарийн тэнцвэрийг олох нь хамаагүй хэцүү.

Олонх эцэг эх үр хүүхэд нь өсөж томорч байгаа, түүнтэй харилцах харилцаагаа байнга өөрчилж засах ёстой, зарим үед уян зөөлөн, заримдаа хатуу чанга байх хэрэгтэйг ойлгохоос татгалздаг. Харин үргэлж нэг шугам бариад байж болдоггүй. Хэрвээ та хүүхдийнхээ ямар нэг юм хийхийг зөвшөөрдөггүй бол онцгой тохиолдолд хориогоо цуцлах хэрэгтэй ч болдог.

Үзэл бодол, гаргах шийдвэр, хийх сонголтын тал дээр тэдний бие даасан хүн болж байгааг нь тархиндаа байнга байлгаж байх хэрэгтэй.

Нэг удаа би том болсон охинтой ээж хүнээс нэгэн ухаалаг үг сонсч билээ. “Би хэзээ ч хүүхэддээ унах боломж олгодоггүй байсан ч, бүдрэхэд нь саад болж байгаагүй ээ” гэж.

Тийм болохоор үр хүүхдэдээ өөрсдийн замаар явж, өөрсдийн алдаагаа гаргах боломж олговол яасан юм бэ?

Хүн унаж бүдэрч байж л ухаарч ойлгодог жамтай.

One thought on “Хүүхдийн хувь тавилан

  1. Нэргүй 2020-09-17 21:43 at 21:43

    Бүх шашинд хүн хувь заяагаа өөрөө зохиодог гэж үздэг. Сайн үйл хийвэл шагнагдана му юм хийвэл шийтгэгдэнэ

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн