Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон тийзээ худалдаж авч чадахгүй иргэд бий. Энэ хүмүүсийн талаарх мэдээллийг элчин сайдын яамнаас авч байгаа. Тодорхой шаардлага шалгуур хангасан, үнэхээр санхүүгийн боломжгүйгээ нотолсон иргэдэд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ.
Бид Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамтарч ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь засгийн газраас нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх” гэв.
Л.Баяр