Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал дэгдэхэд Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгээ хүртэл хаасан билээ. Шинэ төрлийн цар тахлаас олон нийтийг урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Эрүүл мэндийн болон бусад холбогдох яам, агентлагууд олон улсын байгууллагуудын хамт өдөр бүр мэдээлэл түгээж, олон нийтийн газар, хэвлэл мэдээлэл, интернет орчинд анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол явуулсаар байна.
Харин энэ бүгдийн дунд хүүхэд, багачуудад зориулсан мэдээлэл хомс байсан тул НҮБ-ын Хүүхдийн Сан, ЭМЯ, ДЭМБ-аас хамтран АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр анимейшн хэлбэрээр зөвлөмж бүтээсэн нь Энхээ Мэндээ хоёрын цуврал юм. Хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон, тод өнгөтэй, цоглог хөгжимтэй, хүүхдүүдийг айлгаж, сэрэмжлүүлэх гэхээсээ илүү зөв мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч, эергээр зөвлөн, уриалж дуудсан агуулгатай Энхээ, Мэндээ хоёрын зөвлөмжүүдийг телевизийн маш олон суваг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй цацаж байна.
Тэгвэл саяхан 9 дэх анимэйшн бэлэн болжээ. Хүүхдүүдийн хэзээний танил болсон Энхээ, Мэндээ хоёр маань хичээлдээ баяртайгаар эргэн ороод байгаа билээ. Өмнөх цувралуудад Энхээ, Мэндээ хоёр КОВИД-19 цар тахлаас хэрхэн өөрсдийгөө хамгаалах, дархлаагаа дэмжих талаар зөвлөсөн бол энэ удаад хүүхдүүд сургуульдаа орохдоо ямар бэлтгэл хангах талаар зөвлөсөн юм.
Дашрамд дурдахад Энхээ, Мэндээ хоёрын анимейшнийг гадаадын зарим улсад ч орчуулан гаргасан байна. Ливан, Зүүн Тимор, Тажикстан зэрэг улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сан Энхээ, Мэндээ хоёрын анимейшнийг орчуулан, хүүхдүүдэд хүргэжээ.
“”
“”
“”
““