МАН 2020 оны Их хурлын сонгуульд орохдоо ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд саналаа танилцуулж, Засгийн газар зарчмын хувьд дэмжсэн талаар мэдээлж байсан.
Тэгвэл Ипотекийн зээлийн хүүг аравдугаар сард багтаан зургаан хувь болгох зорилготой байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдээлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал Засгийн газар дээр судалгааны шатанд явж байна. Урьдчилсан байдлаар судлаад тодорхой шийдлүүдийн санал боловсруулаад өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газар зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ ипотекийн зээл банкны салбар, Сангийн яам, Монголбанк гээд гол гол байгууллагуудын чиг үүрэгтэй холбогдох учраас ЗГЭХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ ажлын хэсгийг нарийвчлан судлаад танилцуулахыг үүрэг болгосон. Эхний ээлжид Монголбанктай хамтраад найман хувийн хүүг зургаан хувь болгох боломжтой гэсэн тооцооллыг хийсэн. ЗГЭХГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг шийдэлд хүрвэл энэ аравдугаар сард багтаагаад хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна” гэжээ.
Л.Баяр