АНУ-ын комик зураач Рейна Телгемайер өөрийнх нь амьдралд тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийг комик зургийн аргаар өгүүлсэн “Эгч дүүс” хэмээх номыг 10 настай хүүхэд орчуулан гаргасан байна. Энэхүү бүтээл нь бага насны охидын дунд ихээхэн алдартай юм. Нью Йорк Таймсын бэстселлерээр шалгарсанаас гадна комик номын маш олон шагнал хүртсэн аж. “Эгч дүүс” номыг Нийслэлийн “Сэлбэ” сургуулийн 6-р ангийн сурагч Б.Мөнх-Амин монгол хэл рүү орчуулж, Blue Strawberry хэвлэлийн газар эрхлэн хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр номын нээлтээ хийлээ.
Анх энэхүү номыг Б.Мөнх-Амингийн ээж АНУ-аас найзаасаа авч ирж өгчээ. Охин номыг нэг уншаад зогссонгүй дахин дахин уншсаар 50 гаруй удаа уншсан тухайгаа номын нээлтийнхээ үеэр хэлж байлаа. Тэрээр 2 насны зөрүүтэй эмэгтэй дүүтэй. Тэд тоглоомоо булаацалдахаас эхлээд өдөрт хэд хэд муудалцаж, үл ойлголцох асуудлууд их гардаг байжээ. Хэдийгээр дүүдээ хайртай ч ууртай, дураараа, харамч байдал нь түүнийг олонтаа бухимдуулдаг байж. Харин “Эгч дүүс” номыг уншаад дүү бид 2-ын асуудлыг шийдэх шиг болсон гэлээ. Яг өөртэй нь адил эгч, дүүтэйгээ ойлголцдоггүй хүүхдүүдэд маш чухал ном болохыг ойлгосон бөгөөд олон хүүхдүүдэд уншуулахыг хүсэн монгол хэл рүү орчуулахаар шийджээ. Уг номыг 8-16 насны хүүхэд бүр унших боломжтой.
Номыг орчуулсан Б.Мөнх-Амин 4 настайгаасаа англи хэл сурчээ. Түүний аав П.Баярмагнай орчуулгыг редакторлаж, ээж Б.Баярсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зураач С.Цогтбаяр номын зөвлөхөөр ажилласан байна. Б.Мөнх-Амин номынхоо орлогын тал хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ.
Номын нээлтэд Б.Мөнх-Амин охины гэр бүл, сургууль, ангийн багш нар, найзууд нь хүрэлцэн ирсэн байлаа.
Хүндэт зочдын нэг, зохиолч П.Батхуяг Б.Мөнх-Амин охинд амжилт хүсэн, урмын үг хэлэхдээ, “10 настай хүүхэд англи хэлнээс ном орчуулж үеийн найзууддаа эгч дүүс бие биенээ ойлгож, хайрлах сэтгэлийг ойлгуулахыг хүсэн хүүхэд бүрийг унших боломжтой болгон ийнхүү хэвлүүлсэнд маш их бахархал төрж байна. Түүгээр зогсохгүй номын орлогоосоо сайн үйлсийн аянд зарцуулахаар шийднэ гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл юм. Би номын орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг зохиолч тэр бүр сонсоогүй. Өнөөгийн цахимжсан, сошиалд амьдрах болсон цаг үед хүүхдүүд ном унших ямар чухал болохыг энэ охины жишээ тод харуулж байна. Өнөөдөр түүний орчуулсан ном хэвлэгдээд уншигчдын гар дээр ирж байгаад баяртай байна. Бас бахархаж байна.” гэлээ.
“Эгч дүүс” номыг эрхлэн хэвлүүлсэн “Цэнхэр гүзээлзгэнэ” ХХК нь дэлхийн шилдэг комик, манга, зурагт романыг албан ёсны орчуулгын эрхтэйгээр хэвлэн гаргадаг байна. Номын нээлтэд оролцсон тус компанийн төлөөлөл н.Батзориг хэлэхдээ, “Өнөөдөр эх орны ирээдүй гэгдэж буй хүүхэд, залуус гар утас, компьютерийн өмнө цахим орчинд амьдарч ном унших нь багассан. Харин хүүхдийг номонд дурлуулж, унших сэдэл өгдөг гол зүйл бол комик ном юм. Тиймээс Б.Мөнх-Амингийн орчуулсан энэхүү ном хүүхэд орчуулсан учраас үеийн хүүхдүүдэд нь их ойрхон тусаж, олон хүүхэд багачуудыг номын хорхойтон болгоно гэж итгэж байна.” гэлээ.
Номын орчуулагч Б.Мөнх-Амин хэлэхдээ, “Сайн орчуулга хийхийн тулд Монгол хэлээ маш сайн сурах ёстой гэдгийг ойлгосон. Англи хэл хичнээн сайн мэддэг байлаа ч эх хэл рүүгээ хөрвүүлэн буулгахдаа үгээ зөв, оновчтой сонгох нь маш чухал. Тэгэж байж сайн зохиолыг сайн орчуулж чадна. Ингэж чадвал номыг маань уншиж байгаа найзууд маань ч сайн ойлгоно шүү дээ. Тиймээс Монгол хүн эх хэлээ маш сайн сурах ёстой юм.” гээд анхны орчуулгын номоо орчуулж, хэвлүүлэн гаргахад тусласан хүн бүрт маш их талархаж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр дараагийн номын орчуулгаа эхэлсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй “Эгч дүүс” номын өмнөх зохиол болох Рейна Телгемайерийн “Инээмсэглэл” хэмээх ном ажээ.
Рейна Телгемайерийн “Sisters” буюу “Эгч дүүс” ном нь дэлхийн утга зохиолын томоохон шагнал Eisner awards-ийн эзэн бөгөөд 117 долоо хоног буюу 2 жилийн хугацаанд тасралтгүй Нью Иорк таймсын бестселлерээр байсан юм. “Эгч дүүс” номыг Интерном номын их дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.