Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгаас энэ сарын11-ний өдөр эхлүүллээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч, ард иргэдийнхээ үгийг сонсохоор ирснээ дуулгаж, нас, насны иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв.
Хэнтий аймгийн Хурх тосгоны иргэн Ж.Энххуяг:
“…Надад хоёр санал байна. Нэгдүгээрт, коронавирусний улмаас эдийн засаг хүндэрч, айл өрхийн амьдрал хүндэрч байна. Тархан суусан малчид бол малынхаа хүчинд өлсөж цангахгүй байгаа боловч алсдаа Монгол Улсад хор хөнөөлтэй болж эхэллээ.
Айл өрхийн амьдралд тун удахгүй гараа дүрж эхэлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд айл өрх, хувь хүний орлогыг нэмэгдүүлэх маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулмаар байна. Ингэхийн тулд төр засгийн хяналт, шалгалтыг хэмжээ хязгаартай болгохгүй бол айл өрхүүдийн жижиг үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн.
Хувийн хэвшлийн жижиг байгууллагуудыг янз бүрээр дарамталж эхэллээ. Энэ тал дээр Та анхаарлаа хандуулж, тэр олон хориг, саадыг нь багасгах, зөөллөхөд анхаарч өгөөч.
Хоёрдугаарт, мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүн, махнаас бусад нь бүгд үнэгүйдлээ. Үүн дээр бодлогын яамд нь тодорхой арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ нэн яаралтай арга хэмжээ авч, арьс ширний үнийг өсгөх тал дээр арга хэмжээ авч ажиллахгүй бол малаас зарагддаг ганц зүйл нь мах боллоо. Түүхий эд, дотрыг бол зуун хувь хаяж байна. Уул нь энэ бол Монголын баялаг байх ёстой зүйл. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү.”
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн А.Ариунжаргал:
“..Сумандаа тулгамдсан асуудлыг яримаар байна. Манай сум 2013 онд Монгол Улсын отгон сум болж байгуулагдсан. Үүнээс хойш хилийн цэсийн асуудал огт хөндөгдсөнгүй. Хилийн цэсгүй, газар нутаггүй сум бий болсон байгаа.
Манайх Дархан сумаа бодвол арай хөгжингүй, дэд бүтэц хөгжсөн учраас хүмүүс хүүхдүүдээ Бор-Өндөрт сургуульд өгөх сонирхолтой байдаг. Манайх сум дундын эмнэлэг, шүүх, прокурортой, бүх асуудал Бор-Өндөрт байдаг. Малчин өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай сумын хилийн цэсийн асуудлыг шийдэж өгөх боломж байдаг болов уу. Орон нутгаас уламжлах байх, та энэ асуудалд дэмжлэг үзүүлж өгөөч.”
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, оюутан Х.Эрхэмбаяр:
“…Өнөөдрийн Монгол Улсад тулгамдсан асуудал нь боловсролын систем байна. Боловсролын систем маш муу, хүүхдүүд юу ч сурахгүй байна. Монголчууд өөрсдөө ийм арчаагүй байгаагаа сонгууль зэрэг зүйлд буруугаа чихдэг. Сонгуулийн буруу бол байхгүй. Хувь хүний, сонгуулийн боловсролгүйдээ ийм ядуу байгаа. Боловсролтой байгаач, зөв хүнээ сонгооч гэж хэлмээр байна.”
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Баярбилэг:
“…Бидний хувьд эрх чөлөө юунаас ч үнэтэй. Өнөөдрийн улс, нийгмийн байдлыг харахад, ялангуяа эрх баригчдын хэлж, хийж байгаа зүйлсээс харахад бидний хувь хүний болоод улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан үйлдлүүд маш их гарч байна.
Эрх чөлөө бол Монгол Улсын иргэн бүрийн наад захын хэрэгцээ учраас Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллаж өгнө үү” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны нэгдүгээр сараас 5 дугаар сарын хооронд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 22 мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, иргэдийн санал бодол, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцон, тодорхой асуултуудад хариулт өгч ажилласан.
Аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр 3,165 иргэн өөрийн санал, хүсэлтээ илэрхийлснээс 1360 иргэн биечлэн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр санал, хүсэлтээ хэлсэн бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд тусган, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн билээ.
“”