Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн хавар сурвалжлагч надад ирсэн юм. Үүний дагуу мэдээлэл цуглуулах явцад уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Энэ талаар цагдаа, прокурорын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа. Ийм байдлаар луйвар хийж болзошгүй байгаа талаар мэдээлэл авсны дараа татварын байгууллагынхнаас тодруулахад “НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын нэгдсэн системд шивэх зөрчил нэлээд гардаг. Тэр болгоныг илрүүлэн буцааж, системээс устгаж байгаа” гэж байсан юм. Тэгвэл хууль сахиулах байгууллагынхан “Системээсээ устгадаг гэхээс өөр дорвитой арга хэмжээ авдаггүйгээс НӨАТ-ын хоосон падаан шивж, залилан мэхэлдэг хүмүүсийн үйлдлийг таслан зогсоож чадахгүй, харин ч улам өөгшүүлж байна” хэмээн шүүмжилж байв.
Тэгвэл дээр дурдсан аргаар луйвар хийж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлжээ. Тухайлбал, иргэн Алтанзул гэх эмэгтэй удирдаж, зохион байгуулалттайгаар ийм хэрэг үйлдэж байсныг илрүүлсэн гэнэ. Дээрх бүлгийнхэн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэрээр аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа огт явуулдаггүй уг хуурамч компанийнхаа нэрийг ашиглан НӨАТ-ын падаанд хий бичилт хийж байжээ. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй, ажил гүйцэтгээгүй атлаа 1000 гаруй аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс үүдэн 20 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлөөгүй ноцтой хэрэг өдүүлсэн аж. Дээрх иргэд нь хууль бусаар олсон мөнгөөрөө өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар авч нийтдээ таван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, автомашин, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан байжээ. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий иргэдийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд үүнд нь татварын улсын байцаагч нар хамтран оролцсон байж болзошгүй нь тогтоогдож буйг эх сурвалжууд мэдээллээ.
Энэ мэт улсад төлөх ёстой татвараас зайлсхийдэг, хуурамч баримт бүрдүүлдэг этгээдүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгадаг ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй заалт харамсалтай нь өчүүхэн. Өөрөөр хэлбэл, 100 000 төгрөгийн гар утас хулгайлсан хүнд ногдуулдгаас ч бага ял оноодог нь харамсалтай. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Тэгэхээр татварын 20 тэрбум төгрөг хулгайлсан этгээдүүдэд 450 000-5 400 000 төгрөгөөр торгох ялаас өөр хариуцлага хүлээлгэдэггүй нь үнэхээр харамсалтай. Өөрөөр хэлбэл, хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх зарчимд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа