Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын биеийн тамирын заалны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2017.06.02) боллоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр биеийн тамирын заалыг сэргээн засварлаж өргөтгөн ашиглалтанд оруулж байгаа юм.
Шинэ заалны ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел нарын бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг мэдэгдэж Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр үг хэлсэн юм. Тэрбээр “Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр энэ цогцолборын биеийн тамирын заалны нээлтэнд ирсэндээ баяртай байна. Заалыг шинэчлэн засварлаж, тохижилтын ажлыг хийхэд хувь нэмрээ оруулсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яаманд талархсанаа илэрхийлье. Мөн хүүхэд залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа Германы мэргэжилтнүүдэд баярлалаа. Ирээдүйн эх орны чадварлаг боловсон хүчин болсон хүүхэд залуус та нар минь улсдаа хэрэгтэй хүн болоорой амжилт хүсье” гэлээ.
Тус цогцолборын заал нь анх 2008 онд ашиглалтанд орсон цагаасаа хойш засвар хийгдээгүй тул гэрэлтүүлэг сул, дээврээс нь бороо цасны ус гоождог, хана тааз нь мөөгөнцөртсөн хүүхэд залуус тоглох, спортоор хичээллэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан аж.
Энэ төв нь хагас болон бүтэн өнчин, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн очих газаргүй хүнд нөхцөлд амьдардаг 4-21 насны хүүхэд, залуучууыг амьдрах нөхцөл боломжоор хангаж өгдөг. Энд өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй хүүхэд залуус өсч, хүмүүжиж байна.