ЦЕГ-аас “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр “Шинэ эхлэл” сэтгэл зүй хүний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, клиник сэтгэл засалч Т.Хонгорзул хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл хүрэхэд иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаар илтгэл тавьсан юм.
Илтгэлээс хүргэе.
“Мэдээ мэдээллийг бид харах, сонсох мэдрэхүйн эрхтнээрээ дамжуулж хүлээн авдаг. Энэ нь иргэдийн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйлдэлд нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийнхэн хүмүүс сонор сэрэмжтэй байгаасай, эрсдэлээс урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор мэдээллийг хүргэдэг. Гэвч сөрөг мэдээллүүд олон нийтийн дунд айдас түгшүүрийг авчирч, нийгэмд ямар нэгэн аюул тохиолдох гэж байгаа юм шигээр сэтгэл зүйд нь нөлөөлдөг байна.
Олон нийтийн дунд айдас түгшүүр нэмэгдсэнээр хүмүүс санаа зовж, шаналж, үүнээс үүдээд толгойд нь янз бүрийн салахгүй бодол эргэлдэж, нойргүйдэн, байнгын түгшилттэй болдог. Улмаар энэ нь сэтгэл түгшүүр буюу сэтгэл гутрал болох эрсдэл бий болдог.
Өнөөдөр олон нийтийн сэтгэл зүй ямар байгаа вэ гэдгийг нийгмийн сүлжээнд тавьж байгаа сэтгэгдэл, шүүмжлэл, буруутгал, нэг нэг рүүгээ дайрсан сэтгэгдлүүдээс харж болно. Тэдгээр нь нийтийн сэтгэл зүй тогтворгүй, тайван бус, гутралтай байна гэдгийг илтгэдэг. Үүнээс улбаалаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлага ихэсч байна. Хүүхдүүдийг үл хайхрах байдал ажиглагдаж байна.
Хүүхэд аав ээждээ зодуулах юм уу ямар нэгэн хүчирхийлэлд өртөх үед хэзээ ч аав ээжийгээ буруутгадаггүй. Хүүхэд өөрийгөө буруутгадаг. “Надаас болоод ээж аав зодолдлоо, надаас болж би өөрөө зодуулчихлаа” гэж хүлээж авдаг. Мөн сэтгэл зүйд нь өөрийг нь гэх хэн ч байхгүй байснаас ядаж муу ч гэсэн өөрийг нь зоддог аав ээж байх нь хүүхдүүдэд дээр байдаг.
Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацах нь өөрийг нь хайрлах ёстой аав ээж үнэхээр өөрийг нь өвтгөсөн байна шүү гэдэг мэдрэмжийг бататгаж өгдөг. Ингэснээр хүүхэд сэтгэл зүйн хувьд ганцаардлыг мэдэрч, гутралд орж шаналдаг.
Энд зөвхөн хүүхэд гэлтгүй эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөхөөрөө өөрийгөө буруутгаж хардгийг дурдмаар байна. Нөхөр нь салаад явчихвал намайг гэх өөр хэн ч үлдэхгүй гэх мэдрэмж байдаг учраас ганцаардлаас айх айдас түгшүүрээс болоод салж чаддаггүй. Энэ байдал ч хүүхдэд ажиглагддаг.
Хэдийгээр байж боломгүй аймшигт гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ мэдээлэл бэлтгэж байгаа ч нөгөө талаар энэ үнэнийг сэтгэл зүйдээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Харин муу ч гэсэн ээж аав хажууд байна гэсэн мэдрэмж нь хүүхдэд дээр байдаг.
“Та нарыг төрсөн аав ээжээс чинь илүү сайн гэр бүл, аав ээжид өгье” гэж хэлэх үед хүүхдүүд шууд “Үгүй, төрсөн ээж аавдаа очъё” гэж хэлдэг.
Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэс эхлэн асрамж халамжийн газар өссөн, хүчирхийлэлд ихээр өртөж байсан хүүхдүүдийн дунд хийсэн судалгааг хүргэе. Гэр бүлийн хүчирхийлэлд автаж байсан хүүхдүүдээс “Та нарыг төрсөн аав ээжээс чинь илүү сайн гэр бүл, аав ээжид өгье” гэж хэлэх үед хүүхдүүд шууд “Үгүй, төрсөн ээж аавдаа очъё” гэж хэлдэг. Өөрийг нь ихээр өвтгөсөн, зовоосон ээж аавдаа очъё гэж хэлээд байгаагийн учир нь ээж аавыгаа буруутгадаггүй, өөрсдийгөө буруутгадагтай холбоотой.
Хэзээ нэгэн цагт ээж аав нь өөрчлөгдөөд өөрийг нь хайрлана гэсэн итгэл үнэмшлийг тээдэг учраас тэр хүмүүсээс салж хагацаж чаддаггүй.
Тухайн хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл цочрол өгөх эрсдэлтэй гэдгийг тооцож мэдээ, мэдээллийг бичиж байх нь чухал
Мэдээнд хүүхдийн асуудлаар бичих үед хүүхдийн нууцлалын асуудал яригдах ёстой. Тухайн хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл цочрол өгөх эрсдэлтэй гэдгийг тооцож мэдээ, мэдээллийг бичиж байх нь чухал юм. Хэдийгээр мэдээ мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байгаа ч нийт түмэнд сэтгэл зүйн гэмтэл үүсгэх боломжтой.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох, засах үйлчилгээний талаар анхаарах хэрэгтэй. Энэ хүмүүсийг яаж засаж залруулах талаар ярих нь чухал. Засан хүмүүжүүлэх газар ороод засарна гэдэг өрөөсгөл ойлголт. Тэд нийгэмд гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглэж сэтгэл зүйтэй нь ажиллах хэрэгтэй юм.
Гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийн сэтгэцэд 0-3 насанд нь ямар нэгэн гэмтэл учирсан байна гэсэн үг.
Урьдчилан сэргийлэх ажил маш чухал. Нэгэнт үүссэн гэмтэл хохирлыг анагаахад олон жил шаардагддаг. 0-6 насандаа бэлгийн хүчирхийлэлд орсон хүн насан туршдаа гэмтлээ дахин авах магадлалтай. Тиймээс урьдчилан сэргийлэх ажил хийх нь маш чухал. Урьдчилан сэргийлэх гэдэг нь аав ээжийн эрүүл харилцаа, үр хүүхэдтэйгээ харилцах эрүүл харилцаанаас эхэлнэ. Сэтгэл зүйн хувьд эрүүл ээж байж эрүүл хүүхдийг өсгөнө. Аавын үүрэг оролцоо байж байж сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхэд өсөж бойжно.
Бүх сэтгэцийн эмгэг 0-3 насанд үүсдэг. Энэ үеийг хүн санадаггүй ч насан туршдаа ямар бодолтой, ямар зан үйлтэй хүн байх вэ гэдгийг нь шийддэг. Гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийн сэтгэцэд 0-3 насанд нь ямар нэгэн гэмтэл учирсан байна гэсэн үг. Тийм учраас аливаа асуудлыг харахдаа үүсгэж байгаа үндэс сууриар нь харах хэрэгтэй байна. Тийм учраас хүүхдийн эерэг хүмүүжлийн аргыг чухалчлах хэрэгтэй юм.
Түүнчлэн жирэмсэн ээжүүдийн сэтгэл зүйн бэлэн байдал чухал. Сэтгэл зүйн бэлэн байдалтай байснаар хүүхдээ эрүүл өсгөх, төрсний дараа сэтгэл гутралд орохгүй байх нь чухал.” гэлээ.