Ц.Нанзаддорж нь 1996-2011 он хүртэл 15 жилийн хугацаанд Төрийн өмчийн хорооны дарга, Удирдлага хувьчлалын газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт орж, АТГ-д шалгагдаж, шүүх цагдаад дуудагдаж явсан атал 2015 оны нэг сард эргээд ажилдаа очсон нь луйврын бүлэглэл том ажлын бэлтгэл базааж байсны нэг хэсэг байв.
3 настай хүүхдийн дансанд 3 сая доллар. Ийм юмыг энгийн иргэд киноноос л олж үздэг байх. Харин тэдний эгэл жирийн хөдөлмөрөөр бүтээж ирсэн өмч, баялгийг ар өвөргүй луйвардагчдын хувьд бодит зүйл гэдгийг дор зүүсэн Ц.Нанзаддоржийн бага сургуулийн хүүхдийн нэр дээрх дансны хуулгаас харж болно.
2015 оны аравдугаар сарын 8-ны өдөр. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчин хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай 608 тоот Төрийн өмчийн хорооны тогтоолд:
“”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит компанийн … 119 сая 452 мянга 690 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 1 тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөр тогтоож Бэйзмент хязгаарлагдмал хариуцлагатай компанид санал болгон худалдсугай” гэжээ.
Үүнээс жил хагасын өмнө 2014 оны тавдугаар сард “Бейзмент” компани,Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк зэрэг үндэсний санхүүжүүлэгч нар хамтран ажиллаж нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж төр, хувийн хэвшлийн хамтран ажилласан хамгийн сайн жишээг үзүүллээ гэсэн мэдээ мөн гарч байлаа.
Цаг хугацааг дахин хоёр жилээр урагшлуулвал 2012 оны аравдугаар сард 1,5 тэрбум долларын бонд дөнгөж босгоод бяр нь амтагдаж асан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан ”Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр Хөтөл ХХК-д 2020 оныг хүртэл 61,3 сая ам.доллар олгосныг албан тайлангаас нь харж болно.
Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас 61,3 сая ам.долларын зээл авах хэмжээний хүчин чадалтай 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хэмээн сүр дуулиантай нээлт хийж асан уг үйлдвэрийг тэр нээлтээсээ ердөө жил гарангийн хугацаанд дампуурал зарлах хэмжээнд хүргэж байгаад тэрбум гаран төгрөгийн үнэлгээгээр “Бейзмент” ХХК хэмээх үнэн хэрэгтээ Худалдаа хөгжлийн банкны сүүдрийн компанид өрсөлдөөнгүй хувьчлах тогтоол гарсан гэсэн үг.
Ц.Нанзадорж ийм сайхан саналдаа 30 хоногийн дотор төлбөр төлөх нөхцөл заасан байх ба аравдугаар сарын 8-наас ердөө 7 хоногийн дараа төлбөр хүлээж авсан тул Өмчлөх эрх олгож, Хөтөлийн цемент шохой хувьцаат компани дахь төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг тэр өдрөөр тасалбар болгон чөлөөлөх тухай 617 тоот тогтоолдоо гарын үсэг зуржээ.
Ц.Нанзаддорж бол гэхдээ ердөө л томчуудын зурсан зурхайг гүйцэтгэдэг жараахай. Томчууд бол Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх үндсэн чиглэл батлах тухай 70 дугаар тогтоолыг мөн хувьчлалаас гурван сарын өмнө буюу 2015 оны долдугаар сарын 3-нд, наадмаас 7 хоногийн өмнө УИХ-аар оруулж батлуулаад байлаа.
Н.Алтанхуягийн хувьд 2014 оны хоёрдугаар сард Дархан төмөрлөгийг сахал Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компанид хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан шиг том тоглоомд үүрэгтэй оролцох гэж үзсэн боловч Тавантолгой, Оюутолгой, Гацууртын орд тойрсон зодооноор тоглоомоос арчигдсанаасаа хойш улстөрийн байр суурь нь намын даргад ч хүрэхгүй хэмжээнд болж шалдаа буугаад байна. Тэрээр энэ үеэс хойш үе үе бүлэглэл, бүлэглэл гэж ирээд ярилцлага өгдөг боловч хэзээ ч хэн, юу гэдгийг нь хэлдэггүй сонин зуршилтай болсон.
Дээр дурдсан 70 дугаар тогтоолын хавсралтад Дулааны цахилгаан станц 2, ДЦС 3, ДЦС 4, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Улаанбаатар ЦТС, Шивээ-Овоо ХК, Багануур ХК, Эрдэнэс ТТ гэсэн эрчим хүч, уул уурхайн орд газруудыг хувьчлахаар заасан байсан нь 2002 оны Худалдаа хөгжлийн банкны хувьчлалаас эхэлсэн “Банк-Уул уурхай, түүхий эд-Үйлдвэрлэл, эрчим хүч” гэсэн мега өмчийн луйврыг гүйцэлдүүлэх том газрын зураг дээр зурагдсан төлөвлөгөө байлаа.
Дархан төмөрлөг дээр ч нэг их ялгаагүй юм болжээ.
2014 оны хоёрдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу 2014 оны дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн өмчийн хорооны 207 тоот тогтоол гарч, 174 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, Төмөртэй, Төмөр толгой, Хуст-Уулын төмрийн ордын лицензийг эзэмшдэг, 3 сая тонн хүртэлх төмрийн хүдэр олборлох, 1,5 сая хүртэлх хүдэр баяжуулах хүчин чадалтай, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33,4 км төмөр замтай, 1392 ажилтантай үйлдвэрийг сахал Эрдэнэбилэгийн Кью Эс Си компанид 30 жилээр шилжүүлжээ.
Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр 41 тэрбум гарангийн эздийн өмчтэй, 20 тэрбум орчмын хуримтлагдсан ашигтай, бараг 66 тэрбумын бараа материалын үлдэгдэлтэй, 20 тэрбум орчмын авлагатай байлаа. Бараа материалын үлдэгдэл их өндөр байсан нь сонирхолтой баримт.
Үүнийхээ хариуд гэрээ зурагдсан үед концессын нийт төлбөр 63,8 тэрбум төгрөгийн тал болох 31,9 тэрбум төгрөгийг улсад тушааж үлдсэнийг нь 5 жилийн дараа буюу 2019 онд төлөхөөр гэрээлэв. Хэрэв төрөөс энэ гэрээг хугацаанаас өмнө цуцласан тохиолдолд үлдсэн хугацаанд авах ногдол ашиг, хохирол, гарсан зардал, гүйцэтгэсэн ажлын үнэ цэнийг төлөх ёстой гэж мөн тусгасан байх агаад “хохирол” гэж юуг хэлэхийг тодорхой бичилгүй орхисон нь хуваарилалт нь шог гээч үлгэрийн сонгодог жишээ болжээ.
Гэхдээ өмчийг өмчөөр нь худалдаж авлаа гээд үлгэр дуусах биш дөнгөж эхэлж байгаа нь энэ. Цемент, төмөр бол түүхий эд буюу нийлүүлэлт бөгөөд одоо түүнийг хэрэглэх үйлдвэрийг гартаа хийж аваад шахааны сувгийг нь атгах хэрэгтэй. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улс, иргэдийн мөнгөөр улайран авч, цөөнхөөс ТУЗ-д хяналт тогтоож, эв нэгдэл төрт ёсны бэлэг тэмдэг байх учиртай Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр наад үйлдвэр чинь эмчилгээ тэжээлийн цэгт очих болсон хэмээн улаан цагаандаа гарч, үхэн хатан заргалдаад байгаагийн учрыг ойлгож болно.
Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэрийн гадаад худалдаа, менежментийн удирдлага, хайлуулах, цэвэршүүлэх бялууг өөртөө авав. Олон жилийн өмнө Эрдэнэт хэмээх том айлаас талхныхаа мөнгийг зулгаахаар шороо зөөж явсан хүү хаана ямар ашигтайг тун сайн мэдэж байсан хэрэг. Тэрээр багын найз Б.Шинэбаатарыг ГОК-ын нэгдүгээр орлогчоор томилуулж, төрсөн ах Ц.Балдоржийн хүү Ариунзаяаг Хуулийн газрын орлогч даргаар, Шинэбаатарын эхнэрийн дүү Д.Лхамжавд бичиг хэргийн товчооны даргаар томилон, тамгаа атгуулав. Харин Шинэбаатарын найз О.Хонгорыг Захиргаа хүний нөөцийн дарга болжээ.
Х.Баттулгын жолоочоор ажиллаж явсан Д.Эрдэнэбилэг өөрийнхөө найз Хөтөлд Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгийг Санхүү эдийн засаг эрхэлсэн захирлаар, найз С.Сүхбатыгаа Ерөнхий нягтлангаар, Худалдаа хөгжлийн банкны хуульч Д.Цэрэнбадамыг Хуулийн газрын дарга, Худалдаа хөгжлийн Эдийн засагч Д.Энхбаясгаланг Хангамжийн газрын даргаар тус, тус томилж, Хангамж, Худалдан авалт, Санхүүгийн салбарыг нь тэр чигээр нь гартаа атгаж авав.
Х.Баттулга өөрийнхөө туслах Д.Нэмэхбаярыг Хөгжлийн бодлогын газрын дарга, Д.Нэмэхбаярын ах Д.Уламмандахыг Ил уурхайн Ерөнхий инженер, Булганы МоАХ-ын дарга Д.Мөнхсайханыг Хэвлэл мэдээллийн албаны дарга, Худалдаа хөгжлийн банкны хуульч Б.Чинбатыг Хууль эрх зүйн хэлтсийн даргаар тавьж, Барилга, худалдан авалт, хэвлэл мэдээллийн салбарыг атгажээ.
Эрдэнэт шиг том үйлдвэр түүхий эд хэрэглэнэ, эрчим хүч хэрэглэнэ, мөнгө буюу зээл хэмээх санхүүгийн бараа хэрэглэнэ. Худалдаа хөгжлийн банктай, түүхий эдийн уурхай, ордуудтай бүлэглэл ТУЗ-ын тамга гартаа авмагцаа тэрнээсээ баруун солгойгүй шахсан нь хэвлэлээр илэрч баахан хэрүүл дэгдсэн нь одоо ч үргэлжилж байна.
Хөтөлөөс шохой авах урдчилгаанд 15 тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгт урдчилгаа 87 тэрбум, Хөтөл цементээс 480 мянган ам.долларын кран, 7,26 сая долларын белаз, Б.Шинэбаатарын ажиллаж байсан МТ-ээс түлш, Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэт шиг үйлдвэр өөр газраас хамаагүй хямд зээлчиж болох байсан зээл…. улмаар Багануур, ДЦС-уудыг хувьчилж аваад эрчим хүч.
Зурсан төлөвлөснөөр урагшилж байсан мега луйврын тооцоонд багтаагүй нэг эрсдэл гарч ирсэн нь МАН үнэмлэхгүй олонхи болсонтой зэрэгцэн Ч.Сайханбилэг хэмээх утсан хүүхэлдэй улстөрөөс арчигдаж, Ц.Элбэгдоржийн улстөрийн нэр, нөлөө шалдаа бууж ирэв. Хууль, төрийг аргалж өгнө гэж өгсөн амандаа хүрч чадахаа байж хадны завсар хавчуулагдсан хүний стрессийг намрын чуулганы сүүлийн өдөр ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.
1 comment
Bugdiig busdiin hiisen asuudal bolgoj zohioj bichsen uym shig sanagdlaa . Zahialgaar bichsen uym u geltei. MAN zugeer haraad bsan uym bh da . Zahiragchiin alba , gazariin alba boon MAF bolson . 2008 onii 7 sariin 1 aidastai bolgoson . Yag unende enhbayariin zasgiin gazariig enhbold namiig ni salgaad ungaasan shuu de