БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн талаар өнөөдөр /2020.09.09/ Засгийн газраас мэдээллээ.
Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг түшиглэн 2019 оноос 549 айлын орон сууц, оффис, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхон барьж эхэлсэн ба ирэх арваннэгдүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ.