Цагдаагийн байгууллага, Дэлхийн зөн, JCI Mongolia олон улсын байгууллага хамтран хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулах гэнэ.
Сүүлийн гурван жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоход эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдал их нөлөөлж байгаа аж.
Улмаар хүүхдүүд гудамж болон гэр бүлийн хүрээнд хүчирхийллийн хохирогч болох нь элбэг байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: “Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жилд дунджаар 270-300 гэмт хэрэг бүртгэгддэг байсан. Харин 2019 онд хүчиндэх гэмт хэрэг 610 бүртгэгдсэн. Энэ нь нэг талаар хүчингийн гэмт хэргийг иргэд мэдээлдэг болсонтой холбоотой.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо сүүлийн гурван жилд 187, 236, 253 бүртгэгдэж, өссөн үзүүлэлттэй байна. Өдөр бүр хүүхдийн эрхийг зөрчсөн дуудлага бүртгэгдэж, шалгагдаж байгаа. Нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хүүхдийг садар самуунд уруу татаж, уулзаж, гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол олон гарсаар байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид цаашид биеэ үнэлэх, хүн худалдаалах хэргийн хохирогч болох, сураггүй алга болох гэх мэт сөрөг үр дагаврууд гарч байна. Эцэг, эхчүүд хайхрамжгүй ханддагаас болж хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчин бүрдсэн ч эцэг, эхчүүд хүүхдэдээ хайхрамжгүй хандаж байна” гэсэн юм.