Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнөөдрийн байдлаар 2853.43 төгрөгтэй тэнцэж байна. Он гарснаас хойш төгрөгийн ханш “ногоон” мөнгөний эсрэг 4 орчим хувиар суларсан гэдгийг төв банкнаас мэдээлж байна.
Энэ нь манай улстай ижил уул уурхайгаас хамааралтай улс орнуудтай харьцуулахад харьцангуй багаар унажээ. Уул уурхайгаасаа хамгийн том баялгийн санг байгуулж чадсан Норвегийн мөнгөн тэмдэгт хүртэл ам.долларын эсрэг энэ жил 17 хувиар суларсан байгаа юм.
Гэхдээ төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад дээрх шиг огцом биш ч гэсэн аажмаар суларсаар буй билээ. 2016 оны байдлаар долларын ханш 1960 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2800 төгрөгийг давсан. Ер нь бол төгрөгийн ханш долларын эсрэг үргэлж л суларч ирсэн түүхтэй.
Тоон статистикийг сөхвөл төгрөгийн ханш 2006 оноос хойших 14 жилийн хугацаанаас 4 жилд нь л долларын эсрэг чангарч, үлдсэн хугацаанд нь жилд дунджаар 9.8 хувиар суларч байжээ.
Тэгвэл төгрөгийн ханш яагаад байнга сулрах чиглэлтэй байна вэ. Үргэлж өсөж буй ханшийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Эдийн засаг сайжраад, хөрөнгө оруулалт нэмэгдээд, үйлдвэрлэл хөгжиж экспорт өсвөл ханш тогтвортой буюу аажмаар чангарах чиглэлтэй явах бүрэн боломжтой. Харин эсрэгээрээ эдийн засаг муудаж, экспорт буурч, хөрөнгө оруулалт татарвал төгрөгийн ханшийг “хүчтэй” байлгах талаар бодох ч хэрэггүй биз. Товчхондоо бол долларын ханш өссөн учраас эдийн засаг муудаагүй, эдийн засаг муудаж буй учраас ханш өсдөг гэсэн үг. Тоон статистикаас харахад ч энэ нь нотлогдоно.
Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2006, 2010, 2012, 2017 онуудад чангарч байсан түүхтэй. 2006, 2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт, итгэл сэргэснээр төгрөгийн ханш чангарч байсан бол 2010 онд Оюутолгойн гэрээг байгуулж, 2012 онд дэлхийн хөрөнгө оруулагчид Монгол руу шуурч байсан үед төгрөг чангарч байсан билээ. Гэвч манай улс эдийн засаг өсөлттэй, ханш чангарсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн жилүүдэд бий болсон орлогоо хуримтлуулж чадаагүй.
Зөвхөн аль нэг намын бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх, төсвөө хэт тэлж, үрэлгэн зардал гаргасаар ирсэн бөгөөд тэр хэрээр дараагийн хямралыг “хоосон түрийвчтэй” угтаж, энд тэндээс зээл тусламж хүссээр ирсэн нь гашуун боловч үнэн юм.
Энэ бүхний үр дүнд өнөөдрийн төгрөгийн ханшийн дүр төрх тогтон буй болсон гэлтэй. Америкийн нэг доллар Монголын 2860 төгрөгтэй тэнцэнэ. Энэ тийм ч сайн сайхан, бахархууштай үзүүлэлт биш. Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засгийн бодит дүр төрх ханшийн толинд ингэж л тусгалаа олж байна.
Төгрөгийн ханшийг өөд татъя гэвэл эдийн засгийн урт хугацааны, тогтвортой, оновчтой бодлого хэрэгтэй. Уул уурхайгаас хэт хамааралтай, өнөөгийн өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, гадагшаа чиглэсэн, нэмүү өртөг бүхий экспортыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэх зэргээр дурдаж болно.
Түүнчлэн хэт үрэлгэн, данхар том төсвөөс зайлсхийх, төсвийн алдагдлаа бууруулах, болж өгвөл алдагдалгүй төсөв батлах, бэлэн мөнгөний, популист амлалтуудаас татгалзах учиртай. Товчхондоо нийт эдийн засгийнхаа бүтцийг эрс өөрчилж, сайжруулж байж л төгрөг чангарах суурь нөхцөл бүрдэнэ. Тэрнээс наана Төв банк хэчнээн их долларын валютын нөөцтэй байгаад, хэчнээн их интервэнц хийлээ гээд төгрөгийн ханшийн сулрах трэндийг өөрчилж чадахгүй. Тийм боломж ч байхгүй.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Төлбөрийн тэнцэл 400 гаруй сая ам.долларын ашигтай гарсан.
Төсвийн алдагдал буурсан. Эдийн засагт ямар нэгэн “гажуудал” үүсгэх гэнэтийн бодлого, шийдвэр хэрэгжээгүй. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засгийн өсөлт тогтворжсон, инфляц нам дор түвшинд хадгалагдсан гээд эдийн засагт нааштай олон өөрчлөлт гарсан.
Гэхдээ л төгрөгийн ханш алгуур суларсаар ирсэн нь Монголын эдийн засгийн үндсэн суурь, дэд бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр байгааг илэрхийлж буй үзүүлэлт билээ. Энэ бол бодлогын шийдвэр гаргагч эрх баригчдын гарт ханшны хувь заяа атгаатай байна гэсэн үг.
Монголбанк