Эх сурвалж : ӨДРИЙН СОНИН
Өчигдөр НҮБ-ын төв байранд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээний тайлан”-г танилцуулах нээлтийн арга хэмжээ боллоо.
Энэ арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцсон бол ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра, ЮНЕСКО-гийн Залуучууд, бичиг үсэг тайлагдалт, ур чадвар хариуцсан хэлтсийн дарга Хиромичи Катаяама нар цахимаар шууд холбогдож үг хэлж, зөвлөмж өгсөн юм.
Нээлтийн үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар “Өнөөдөр Олон улсын бичиг үсгийн өдөр тохиож байна. Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе” хэмээн цохон тэмдэглэсэн бол Хиромичи Катаяама “ЮНЕСКО бол боловсролын чиглэлээр ажилладаг” гэдгийг тодотгож хэлж байлаа. Тайлангийн танилцуулга, хэлэлцүүлэг үргэлжилсний дараа асуулт, хариултын цаг эхлэв.
Энэ үеэр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишрад хандаж дараахь асуултуудыг тавилаа.
-“Өдрийн сонин”-ы сэтгүүлч байна аа. Сая Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд А.Ариунзаяа болон С.Уянга дарга “Өнөөдөр бол Олон улсын бичиг үсгийн өдөр” гэж хэллээ. Та түрүүн Монголоор мэндчилж, “Сайн сайхныг хүсье” гэж монголоор хэлсэнд баярлалаа.
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Баярлалаа.
-Өнөөдөр энд ирсэн зорилго минь Өмнөд Монголд болж буй асуудалтай холбоотой юм. Хэлний асуудалтай холбоотой. Манай сонины зүгээс НҮБ болоод ЮНЕСКО-д 14 хоногийн өмнө энэ асуудалд танайхыг тайлбар өгөөч гэж хүсэлт тавьсан.
Одоо хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй учир өнөөдөр энд ирлээ. Өмнөд Монголын асуудал бол зөвхөн Өмнөд Монголын асуудал биш.
Дэлхийн хэмжээний асуудал болчихоод байна. Танай байгууллагын гадаа хоёр ч удаа тайван жагсаал болж, жагсагчид хүсэлт тавьсан. Тийм учраас үүсээд байгаа асуудалд та ямар нэгэн албан ёсны тайлбар хэлэх боломж байна уу?
(Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга: ”Өдрийн сонин”-ы сурвалжлагчид баярлалаа. Өнөөдрийн энэ бидний арга хэмжээ Монгол Улсын боловсрол, сургалтын салбарт хийсэн тайлангийн танилцуулгыг авч хэлэлцэх арга хэмжээ байгаа.
Таны тавьсан асуудал бол бидний, энд байгаа хүмүүсийн болоод, энд яригдаж байгаа асуудал биш учраас би энэ асуудлаар тусад нь уулзаж ярьж болж байна гэв. Тэгснээ “Тапан та ярих боломжтой юу, яах бол. Дараа нь ярьж болно” гэв).
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Өнөөдрийн танилцуулгад ирсэнд баярлалаа. Таны асуусан асуудал анхаарлын төвд байгаа. Энэ бол зөвхөн Өмнөд Монголын асуудал биш ээ. ТББ-ынхан цуглаан хийж ирээд албан хүсэлтээ өгсөн. Бид тэдний хүсэлтэд маш хүндэтгэлтэй хандаж байгаа.
Энэ бол Өмнөд Монголын хэмжээний асуудал биш, олон улсын хэмжээний асуудал болж хувираад байна. Бид энэ асуудлыг НҮБ-ын төв байр байрладаг Нью-Йорк хотноо, мөн Женевт энэ асуудалд хариуцлагатайгаар хандаж, судалж байгаа. Харин бидний хувьд хариу хүлээж байгаа хэмээн тайлбар өгөв.
Ийнхүү бүтэн хоёр цаг хүлээж суусны эцэст асуултдаа хариулт авчихаад гарч иртэл Суурин зохицуулагч Тапан Мишра араас дуудаад өөрийн биеэр хүрч ирээд түр саатахыг хүсэв.
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Цуглаан хийж ирсэн ТББ-ын хүсэлт, захиаг би маш хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Хүндэтгэлтэйгээр хүлээж аваад энэ асуудал зөвхөн Монгол Улсад болсон асуудал биш хөрш оронд болсон асуудал.
Энэ асуудлыг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ярьж, НҮБ-ын байр суурийг илэрхийлэх боломжгүй. Тиймээс үүнийг НҮБ-ын Нью-Йорк дахь төв, мөн Женев дэх боловсролыг хариуцсан төв рүү “Ийм хүсэлт, асуудал ирлээ. Хүлээж авлаа.
Энэ бол олон улсын түвшний асуудал учраас та нар зохих хариу арга хэмжээ, шаардлагатай ямар зүйл байдаг юм, тэрийгээ авна уу” гэдгийг би албан ёсоор цааш нь явуулчихсан байгаа.
-Баярлалаа.
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Тиймээс одоогоор НҮБ-ын өмнөөс байр суурийг нь илэрхийлж чадахгүй. Гэхдээ асуудлыг цааш нь ямар ч байсан илгээчихсэн байгаа шүү.
-Талархаж байна аа.
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Би зүгээр л захиа явуулж байгаа юм шиг “Май” гээд илгээгээгүй. Миний зүгээс дээд шатны зохих хүмүүстэйгээ яриад ийм асуудал болсон, юу юу болсныг нэгд нэгэнгүй танилцуулаад хүсэлт, захиаг явуулсан байгаа. НҮБ-ын байр суурийг НҮБ-ын төв байрны хүмүүс илэрхийлж, ямар арга хэмжээ авдаг юм, тэрийгээ авах байх аа. Би бол өөрийнхөө зүгээс авч болох зохистой, ёс зүйтэй арга хэмжээгээ авсан гэж үзэж байна.
-Олон улсын бичиг үсгийн өдөр ийм сайхан мэдээ дуулгасанд монголчуудын өмнөөс баярлалаа, танд?
Суурин зохицуулагч Тапан Мишра:-Миний зүгээс үүргээ гүйцэтгэсэн шүү хэмээгээд “Таалагдсанд таатай байна. Сайн сайхныг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж монгол хэлээр ерөөснөөр бидний цөөн хормын уулзалт өндөрлөв.