Улсын хэмжээнд жилд 9.5 сая ширхэг арьс шир бэлтгэж байгаагийн 6 саяыг хөдөө орон нутагт, 0.5 саяыг нь төвлөрсөн зах зээлд бэлтгэж байна.
Үүний нэг сая орчим нь бод, 8.5 сая нь богийн арьс бөгөөд нэг сум дунджаар 18.5 мянган ширхэг арьс шир бэлтгэдэг гэсэн үг. Арьс ширний 62.3 хувийг хөдөө орон нутагт, 32.5 хувийг төвлөрсөн зах зээлд, 5.2 хувийг мах боловсруулах үйлдвэрүүд бэлтгэдэг.
“Малаа бүрэн вакцинд хамруулж, тарилга туулгыг тогтмол хийдэггүйгээс гадна мал нядалгааны үеэр арьсыг нь цоолж гэмтээдгээс түүхий эдийн чанар муудаж байгааг ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Хандсүрэн ярьж байсан.
70 гаруй сая малтай манай орны хувьд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт арьс шир боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох боломж бий. Засгийн газраас Эмээлтийн аж үйлдвэрийн парк байгуулах төсөл хэрэгжүүлснээр арьс ширний түүхий эдийн 47 хувийг гүйцэт боловсруулан, нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 хувьд хүргэх боломжтой.
Одоогоор арьс ширний салбарын жилийн нийт борлуулалт 19.9 тэрбум төгрөг байгаа нь ойролцоогоор ДНБ-ний 0.2 орчим хувь юм. 2019 оны байдлаар арьс ширний салбарт 4225 хүн ажиллаж байна.