“Эх голомтын илч” ХХК-ний нэхэмжлэлтэй “АР БИ ЭМ ТИ” ХХК-д холбогдох “Эх голомтын илч” ХХК-ний инженер техникийн ажилтнууд “АР БИ ЭМ ТИ” ХХК-ний шугаманд үзлэг шалгалт хийж судлан, засвар үйлчилгээ хийхэд саад учруулж, хүндрэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлогдож, шүүх хуралдаан эхэлсэн боловч хариуцагч талаас хэргийг шийдвэрлэх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн:
92 зүйлийн 92.8. Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана
123 дугаар зүйлийн 123.3 Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана
гэж заасан байдаг.
Мөн хариуцагч “АР БИ ЭМ ТИ” ХХК-нь өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох АВ телевизээр шүүх хуралдааныг дамжуулж мэдээлэх хүсэлтийг шүүхийн Тамгын газарт гаргасныг “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын дагуу бүртгэж авсан ба хэргийг хянаж байгаа шүүгч “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын 2.1.1.-д “хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх гэж хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан шүүх хуралдааны танхимд тусгай төхөөрөмжөөр гэрэл зураг авах, бичлэг хийх, олон нийтэд нэвтрүүлэх ажиллагааг”, 2.1.2.-т хэвлэл мэдээллийн байгууллага гэж сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас, тэдгээрийн сүлжээ зэрэг мэдээлэл дамжуулах чиг үүрэгтэй аливаа этгээдийг, 2.1.3-т “хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан гэж 2.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг иргэнийг”-гэж заасныг үндэслэн хариуцагч “АР БИ ЭМ ТИ” ХХК нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын 2.1.2., 2.1.3-т заасан этгээд биш тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр өгсөн байна.
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар