Өчигдар /2020.09.08/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэр энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй гэдгийг хэллээ.
Тэрбээр, “Эрчим хүчний үнийг энэ онд 50 хүртэл хувиар нэмнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Ер нь цахилгааны үнийг нэмэх шаардлага байгаа. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед эрчим хүчний үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор хэлэх нь зөв” хэмээв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Цахилгаан, дулааны үнэ нэмэгдээгүй байхад талх, нарийн боовноос эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард иргэдийн нуруун дээр ачаалал болж байна. Цахилгаан, дулааны төлбөр нэмэгдээгүй байхад үнээ нэмэх нь зохиомол үнийн хөөрөгдөл бий болгосон асуудал.
Үүнийг ШӨХТГ анхаарч, шалгах хэрэгтэй. Зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт төрийн зохицуулалт байх зайлшгүй шаардлагатай. Бүгдийг хувийн хэвшилд даатгаж болохгүй. Үүнд НЗДТГ, ЭХЯ анхаарч ажиллах ёстой” хэмээлээ.