Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаярын давж заалдах хурал болж, анхан шатны шүүхээс оногдуулсан 5.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хуулийн хугацаанд тэрбээр хяналтын шатны шүүхэд хандах эрхтэй гэдгийг шүүх бүрэлдэхүүн санууллаа. Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байдаг.