Жак Мериний талаар олон ном зохиол гарч, олон кино бүтээгдсэн байдаг. Францад түүнийг өдгөө хүмүүс янз бүрээр үнэлэх болсон. Зарим нь Меринийг хувьсгалч, системээ эсэргүүцсэн анархист гэдэг бол өөр хэсэг нь Францын түүхэн дэх том тонуулч, босогч гэдэг байна.
Ахмад дайчин
Жак-Рене Мерин нь 1936 онд Парисын нэгэн дагуул хотод төржээ. Коллеж де Жуй хэмээх шилдэг католик сургуульд сурч байгаад багшийнхаа чихийг хугалсан хэргээр хөөгдсөн байна. Жак Мерин 19 настайдаа гэрлэж, армид алба хаахаар явжээ. Зоригтой, бие хаа сайтай шинэ цэргийг тусгай үүргийн цэрэгт шилжүүлж, Алжирын дайнд явуулсан байна. Он тэмцэлд францын тусгайд үүрэг гүйцэтгэж байсан Мерин шилдэг болохоо харуулжээ.
1959 онд Алжирын дайны ахмад дайчин Францдаа ирээд хоёр дахиа гэрлэжээ. “Цэргийн гавьяа” одонгийн хажуугаар олон хүний аминд хүрсэн хэрэгтэй, 45-тын калибрын гар буутай иржээ. Мерин гурван найзын хамт дээрэм хийж байгаад 1962 онд банк дээрэмдэх гэсэн оролдлогоор шоронд хагас жил суужээ. Наранд гарсных нь дараа эцэг эх нь дуулгаваргүй хүүгээ архитектурын товчоонд ажилд оруулсан боловч угийн дээрэмчин, тонуулч зан нь түүнийг зүгээр суулгасангүй.
Канад руу дүрвэсэн нь
Испанийн Засгийн газар Меринийг тагнуулын хэрэгт буруутгав. Гэвч энэ нь түүнийг 1966 онд Канарын арлуудад ресторан нээхэд саад болсонгүй. Ажил хэрэгч үйл ажиллагаагаа гэмт хэрэгтэйгээ чадварлагч гэгч нь хослуулж байлаа.
Мерин Женевт үнэт эдлэлийн дэлгүүр, Альпын Шамонь хотод зочид буудал, Парист загварын ордныг дээрэмдэж байлаа. 1968 онд бандит эр амрагтайгаа хамт Канад руу зугтаж гараад тэндээ мөрдлөг мөшгилтөд орсон аж. Тэрээр хамтрагч Жан Поль Мерсьетэйгээ тэрбумтан Жорж Дислаурьег барьцаалах гэж оролджээ.
Дээрэмчнийг АНУ-д барьж аваад Канад руу хөөжээ. Баривчлагдахаасаа өмнө тэрбээр настай үйлчлэгч эмэгтэйг хөнөөсөн гэнэ. Энэ гэмт хэргийнхээ төлөө Мерин, Мерсье нар тус бүр 10 жилийн хорих ял авсан байна. 1972 онд хамтрагчид болон тэднийг дагалдагч таван хүн оргожээ. Оргохоосоо өмнө тэд шоронгийн андууддаа эргэж ирээд тэднийг заавал чөлөөлнө гэж андгайлжээ.
Монреалд тэрбээр хэд хэдэн банкийг дээрэмдэж, 1972 оны есдүгээр сарын 3-нд шорон руу халдав. Тэд дээрээс буудаж, хоёр хамгаалагчийг нь шархдуулсан боловч дотор нь орж чадсангүй. Ингээд Мери, Мерсьен нарыг ангуучилж эхэлжээ. Дээрэмчин эр мөрдлөг мөшгилтөөс чадварлагч гэгч нь зугтаж, хэд хэдэн цагдаа, хүчнийхнийг шархруулж амжжээ. Тэд хуурамч баримтаар амрагуудаа дагуулаад Венесуэл рүү гарч зугтсан байна.
Францдаа эргэн ирсэн нь
Жак Мерин жилийн дараа Паристаа эргэн ирэв. Нийслэлийн нэгэн бааранд цагдаагийг буудаж, баривчлагджээ. 1973 оны тавдугаар сард домогт дээрэмчин 20 жилийн хорих ял сонссон байна. Гэтэл шүүх хурлын өмнө нэг найз нь түүнд гар буу дамжуулснаар тэр шүүгчийг барьцаалж, цонхоор үсэрч гараад өөрийг нь хүлээж байсан машинд суун зугтжээ. Дөрвөн сарын дараа түүнийг дахин баривчилж, шоронд суулгасан бөгөөд энд Мерин “Үхлийн зөн” нэртэй намтар номоо бичсэн байна.
Таван жил шоронд суусан тэрбээр дахин оргожээ. Ингээд л Мерин дүрмийн дагуу банк, казино, худалдааны төв дээрэмдэж, хүмүүс хулгайлан барьцаалж байлаа. Тэрбээр хувирахдаа тун гаргуун бөгөөд зэвсэгт гаргахаасаа огтхон ч эмээдэггүй байв. Энэ хугацаанд цагдаа нар түүнийг 39 аллагад хамааруулан тоолж байлаа.
Төрийн дайсан
Мерин 1978 онд “Пари Матч” сэтгүүлд ярилцлага өгсөн нь жинхэнэ тэсрэлт болсон юм. Тэрбээр хэвлэлээр дамжуулан Францын Засгийн газраас онц дэглэмт бүх хорихоо хаахыг шаардаж, Дотоод хэргийн сайд Кристиан Боннетыг хөнөөнө гэдгээ амлажээ. Хэвлэлийнхэн дээрэмчинд “Төрийн №1 дайсан” гэдэг хоч хүртэл өгчээ. 1979 оны арваннэгдүгээр сарын 2-нд францын цагдаа дээрэмчнийг мөрөөр нь мөшгиж эхлэв.
Мерин амрагтайгаа хамт Парисаар “BMW”-гаараа зугаалж явтал тэдний замыг ачааны машин хаажээ. Дээрэмчин эр ч зогсож. Гэтэл ачаанаас нь 19 цагдаа гарч ирж, гал нээсэн байна. Ажлаа 100% гүйцэтгэхийн тулд цагдаа нарын нэг нь “Төрийн дайсан”-ыхаа толгой руу хүртэл бууджээ.
Цагдаа нар Меринд бууж өгөх боломж олгоогүй гэсэн хэрэгт орсон боловч тэд гэмт хэрэгтнийг онц аюултай тул яах ч аргагүй байсан гэж мэдэгджээ.