Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн нээлтийн семинар өнөөдөр боллоо.
Семинарын нээлтэд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Япон Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хиромичи Мияшита нар болон төсөл хэрэгжих аймгуудын Засаг дарга нар оролцлоо.
Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усалгааны дэд бүтцийг нэвтрүүлж, усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулснаар усалгаатай талбайн хэмжээ 13 хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн төслөөс нийт 3500 өрх ашиг шим хүртэнэ гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ.