УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Энэ сард бид урьдчилсан байдлаар 12 нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Үүнд өөрчлөлт орсон.
Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өссөөр 5000 хүрсэн. Японд 700 гаруй иргэн буцах хүсэлтэй ч энэ сард яаралтай ирэх иргэдийн тоо бага байсан учраас уг нислэгийг аравдугаар сар руу шилжүүлэн Сөүл рүү нэмэлт нислэг үйлдэхээр болсон. Ингэснээр Сөүл рүү хийх нислэг гурав байсныг дөрөв болгон нэмэгдүүлж 21-нд дахин нислэг үйлдэнэ.
Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11800 иргэн байна. Үүний 5000 нь БНСУ, 2000 орчим иргэн АНУ, 700 орчим иргэн Австрали улсад байна.
Есдүгээр сараас эхлэн БНСУ, АНУ, Австралид байгаа иргэдээ түлхүү татах хуваарь гаргасан. АНУ-аас транзит 48 орчим хүн байна. Энэ сард бид Сөүл рүү транзит нислэг төлөвлөөгүй байсан ч есдүгээр сарын 16-нд нэмэлт нислэг үйлдэн зөвхөн транзит зорчигч авахаар болоод байна.
Мөн энэ сард 13 нислэгээр 3380 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр болж байгаа.
Хонконгоос энэ сард хоёр нислэг үйлдэнэ. Өнөөдөр нэг нислэг ирж байна. Энэ нислэгээр 261 иргэн ирнэ. Ингэхдээ АНУ, Австралид байгаа иргэдээ түлхүү авч ирж байгаа. Есдүгээр сарын 17-нд Хонконг руу дахин нислэг үйлдэнэ.
Сарын сүүлээр тусгаарлах байрны нөөц боломжтой уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх боломжийг судалж байгаа.
Бид холимог гэр бүл буюу БНХАУ руу буцах хүсэлтэй иргэдийн асуудлыг ойрын хугацаанд шат дараатай шийднэ гэдэг хүлээлттэй байгаа. Мөн Япон руу явах 240 орчим иргэн хүсэлтээ ГХЯ-нд гаргасан байгаа. Энэ асуудлыг Япон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа арга хэмжээтэй хэрхэн уялдуулан зохион байгуулахаар ярилцаж байна.