Авлигатай тэмцэх газрын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Р.Мөнхсайхан, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нартай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн тус салбарын “Шударга байдлын үнэлгээ”-ний дүн, эрүүл мэндийн салбар дахь авлигын нөхцөл байдлыг танилцуулж, коронавируст халдвар цар тахлын үед иргэд, байгууллагуудаас үзүүлсэн хандив, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн захиран зарцуулалт, шууд худалдан авах ажиллагаа, яамны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсэх авлига, ашиг сонирхлын зөрчил болон эмнэлгийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийн талаар санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Р.Мөнхсайхан эрүүл мэндийн салбар хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдахын хамт авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид тус салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтийг эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээллээр тогтмол хангах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.