Энэ хичээлийн жилд дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байгаатай холбогдуулан дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс болон хороодын ажлын албанаас “Нэг албан хаагч-нэг тоглоом” аяныг өрнүүлсэн.

Аяны хүрээнд цугларсан тоглоомыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар цэцэрлэгийн удирдлага, багш нарт гардуулан өглөө.

Шинээр ашиглалтад орсон 279 дүгээр цэцэрлэгт 120 хүүхдийг шинээр хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус цэцэрлэгт 50 хүүхдийг дөрөвдүгээр хорооноос, 70 хүүхдийг нэгдүгээр хорооноос хүлээн авсан байна.

Мөн дараагаар нь шинэхэн ашиглалтад ороод буй 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлөөр орж, “Нэг албан хаагч-нэг тоглоом” аяны хүрээнд цугларсан тоглоомыг тус цэцэрлэгийн удирдлага, багш, хүүхдүүдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд баригдсан 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хоёр бүлэгт 50 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хажууд баригдаж байгаа 274 дүгээр цэцэрлэгт төрийн албан хаагчдын хандив дэмжлэгээр цугларсан тоглоомын дээжийг гардууллаа.

150 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн барилгын ажил дууссан бөгөөд улсын комисс хүлээж авах үлдээд байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр: “Будаг нь ханхалсан шинэхэн хүүхдийн өргөө ашиглалтад орж байгаатай холбогдуулан маш олон төрийн албан хаагч аян өрнүүлж тоглоом хандивлаж байна. Шинээр бүрдсэн хамт олноороо хүүхдийн сайн сайхны төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Удахгүй хүүхдүүдээ авч эхлэх байх. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе” гэв.

Ийнхүү хоёр шинэ цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 320 гаруй хүүхдийг энэ хичээлийн жилд СӨБ-д хамруулж байна.
Ингэснээр 68,3 хувьтай байсан хамрагдалтыг 20 орчим хувиар нэмэгдүүлж, 82,7 хувьд хүргэжээ.

Дүүргийн хэмжээнд 5 настнуудыг 100 хувьд цэцэрлэгт хамруулж чадлаа. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд энэ жилд 140 орчим ажлын байр шинээр нэмэгдүүлсэн хэмээн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал онцоллоо.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн