1. УЛААНБААТАР ХОТ ДЭЛХИЙН ХАМГИЙН УТААТАЙ ХОТУУДЫН “ХАР ЖАГСААЛТ”-ААС ХАСАГДЛАА
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтын ажлыг нийслэл хот хариуцан, нийслэлийн иргэд оршин суугчитайгаа хамтдаа хүчээ нэгтгэн ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурч, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас гарлаа.
2. СЭЛБЭ, БАЯНХОШУУ ДЭД ТӨВҮҮДИЙН УСАН САН, НАСОС СТАНЦЫГ БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах зорилготой Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажил 70 орчим хувьтай хэрэгжиж байна. Улмаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд тус бүр 1000м3 хүчин чадал бүхий усан сан, насос станцын барилгыг барьж ашиглалтад оруулж, гадаргын усыг хуримтлуулдаг болсноор тэндхийн 20 гаруй мянган иргэд, оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ.
3. ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ШИНЭ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг 6 сарын дотор хийж гүйцэтгэн, хөдөлгөөнийг нээлээ. Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой бөгөөд уг бүтээн байгуулалтад гүйцэтгэгч компани 100 жилийн баталгаа өгсөн юм.
4. СОНСГОЛОНГИЙН ТӨМӨР, БЕТОН ХОС ГҮҮРИЙГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийн зам барилгын ажил дуусгаж, хөдөлгөөнийг нээсэн нь нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын ачааллыг бууруулах боломжтой болов. Түүнчлэн Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөнийг эрчмийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулахад чухал ач холбогдолтой байгууламж юм.
5. “ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА
Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шавыг өнгөрсөн жил тавьсан бол өдгөө барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
6. ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай Лаг усгүйжүүлэх байгууламж анх удаа барьж ашиглалтад оруулснаар илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулж, нийслэлчүүдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.
7. УСУГ-Т ХЯНАЛТ, НЭГДСЭН УДИРДЛАГЫН “СКАДА” СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах дэд төслийн хүрээнд 4 насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, түгээх сүлжээний удирдлагын болон хэмжих худгуудын барилга угсралт, УСУГ-ын удирдлагын төвд СКАДА систем, шилэн кабель болон усны алдагдлыг илрүүлэх систем суурилуулах зэрэг ажлуудыг 100% хийж гүйцэтгэлээ. Ингэснээр нийслэлчүүдийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангахын зэрэгцээ гэр хорооллын худгуудын үйл ажиллагааг хянаж удирдах, усны алдагдлыг илрүүлэх, бууруулах боломж нээгдэв.
8. ШУГАМ ДОТОРЛОГООНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛЖ БАЙНА
Улаанбаатар хот дахь 60 гаруй жилийн насжилттай, хуучирч муудан зэвэрсэн шугам хоолойнуудыг шинэчлэх, нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдлыг хангах хүрээнд Ус сувгийн удирдах газрынхан Азид дээгүүр ордог хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг Монголд нутагшуулж байна. 2019 онд Сөүлийн гудамж, Чингүнжавын гудамжны цэвэр усны 9 км урттай шугамыг доторлож шинэчиллээ.
9. НИЙСЛЭЛД АНХ УДАА 7,1 КМ УРТТАЙ ДУГУЙН БОЛОН ЯВГАН ЗАМ ТАВЬЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Улаанбаатар хотод анх удаа 7,1 км урттай 1,5м өргөнтэй дугуйн болон явган зам барих иж бүрэн ажлыг Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл хийж байна. Мөн Маршалын гүүрний баруун талд Туул голын урд эрэг дагуух 1,7 га газарт амралт, спортын талбай байгуулах тохижилтын ажлын ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
10. ЗУРГААН ЭМНЭЛГИЙН ГАДНА ТАЛБАЙГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА
Өнгөрсөн 2019 онд Улсын I төв эмнэлэг, Шүүх эмнэлэг, СЭМҮТ болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв гэсэн 6 эмнэлгийн гаднах ногоон байгууламж, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган хүний зам талбай, авто зогсоол, машины орц гарцыг цогцоор нь шийдэж, иж бүрэн тохижуулаад байна.
11. АРЬС ШИРНИЙ 40 АЙЛ ШИНЭ БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДЛАА
“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжруулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн V хорооны нутаг, Арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан 40 айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа.
Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхээ хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр мэдэгдэв.
12. ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд эвдрэлтэй, гэмтсэн, хуучин тоглоомын талбайнууд нь хүүхдүүд осол, гэмтэлд өртөх эрсдэл бүхий аюултай орчин болдог. Иймд стандартын шаардлагад нийцүүлж, сайжруулж тохижуулах шаардлагатай 258 хүүхдийн тоглоомын талбайн судалгааг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас гарган, шинэчлэх ажлыг хийж байна.
13. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Иргэд, олон нийтийн ая тухтай байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах хүрээнд Ундны усны эх үүсвэр, тэжээгдлийн мужийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүс, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд аялал жуулчлал, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад MNS 5924:2015 стандарт шаардлагад нийцсэн бие засах газартай болох шаардлага тавьж, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
14. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВНА
“Гутлын 22”-ын хойд талбай буюу Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн гэх мэт нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж талбайг хэн дуртай нь эзэмшилдээ авдаг бус, олон нийтийн зориулалтаар нь ашиглах нөхцөл бүрдэх юм.
15. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН АМРАЛТЫН ТАЛБАЙ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Орчин төвтэй шийдэл бодлогын хүрээнд нийслэлчүүдийн амарч тухлах, аялж зугаалах, нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг хангах цогц бүтээн байгуулалтуудыг дүүрэг бүрт эхлүүллээ. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс ШУА-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллахын зэрэгцээ тарьсан мод нэг бүрт технологийн карт хөтлөн хяналтын систем нэвтрүүлний үр дүнд ургалтын үзүүлэлт 98 хувьд хүрээд байна. 2019 оны байдлаар Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4.1 ам метр болж 2015 оноос дөрөв дахин нэмэгдлээ.
16. ГУДАМЖ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИНУУД ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА
Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу ТҮК-ийн ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд зориулсан тусгай тоноглол, техник хэрэгсэлтэй 20 ширхэг бага оврын машинуудыг үйлчилгээнд гаргалаа. Эдгээр нь гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах гэх мэт олон үйлдэлтэй юм.
17. ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛАВ
Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо Төмөр замын Вокзалын арын 4,3 га талбай буюу “Барс” худалдааны төвийн арын цэцэрлэгийн газраас АТГ-т орон сууцны зориулалтаар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар цуцалж, газар эзэмших эрхийг нь олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т шилжүүлж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тохижуулж, харьяалах эзэнтэй, арчилгаатай цэцэрлэгт хүрээлэн болгов.
18. 100 АЙЛЫН АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛЛЭЭ
Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын өргөтгөл засварын ажлыг өнгөрсөн зун хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтайгаас гадна борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийснээрээ онцлогтой бүтээн байгуулалт юм.
19. ХӨШӨӨ, ДУРСГАЛУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАВ
Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах, сурталчлан таниулах олон арга хэмжээ багтсаны дотор Улаанбаатар хот дахь 10 гаруй хөшөө баримлуудыг сэргээн засварлав. Түүнчлэн их зохиолч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөг нь шинээр бүтээн сүндэрлүүллээ.
20. SMARTCAR СИСТЕМД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ
Хотын захирагчийн санаачилгаар Aвтотээврийн үндэсний төв, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар хамтран Тээврийн хэрэгслийн Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг цахимаар авдаг болголоо. Ингэснээр тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахын тулд Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, өөрийн биеэр очих шаардлагагүй, цахимаар хүсэлтээ гаргах боломж нээгдэв.