Иргэнээс ирүүлсэн /барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй/ гэх гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Олонлог академи сургуулийн цогцолбор” барилгын ерөнхий гүйцэтгэгч Шилдэг шилтгээн ХХК-нд хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар:
1. Барилгын үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн нөлөөлөл үйлчилж болзошгүй орчинд автомашин, иргэдийн зорчих хэсэгт тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламжийг /хамгаалалтын хашаа, хамгаалах тор/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-д заасан шаардлагын дагуу хийгээгүй.
2. Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг дадлага олгох сургалтад хамруулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн.
3. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлүүд илэрлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчилд хэрэг бүртгэлт явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулав.