ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аянг улс орон даяар 9-р сарын 7 буюу өнөөдөрөөс эхлэн зохион байгуулж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан. Энэ үүднээс байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийнхүү аянг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулах аж.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд энэ оны эхний 8 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн гомдол урьд оны мөн үеэс 771 буюу 1.8 дахин өссөн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу 95.0 хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, 58 буюу 5 хувийг нь үргэлжлүүлэн шалгаж байна. Дээрх гомдлоос 51 буюу 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7 буюу 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байв. Тодруулбал, хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих 3, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгджээ.